Улсын Их хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.01.16/ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь 2018-2023 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар тогтоосон төсвийн алдагдал, нийтийн өрийг хязгаарлах төсвийн иж бүрэн байдлыг хангаж, төсвийн гадуурх ажил, үйлчилгээг ил тод болгож улмаар төсвийг олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын нэгдсэн хяналтад оруулахад дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Нийгэмд болон УИХ-ын хүрээнд төсвийн хяналтыг сайжруулах, алдагдалгүй, өр үүсгэдэггүй төсөвтэй болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх дуу хоолой нэмэгдсэн гэж үзэж байна. Нийтийн санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх нь чухал байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын гишүүнээр сонгогдсон Та бүхэн илүү санаачлагатай ажиллах цаг үе ирсэн учраас энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
Төсвийн тогтвортой байдлын бие даасан, хараат бус байдлыг хангаж, гишүүдийн цалин, урамшууллыг нэмэгдүүлсэн. Нөгөөтэйгүүр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төсвийн шинжилгээ, судалгааг шинэ шатанд гаргахад Монгол банк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо бие биедээ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг заасан гэв. Мөн тэрбээр цааш нь үндэсний эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад цогц шинжилгээ судалгаа хэрэгтэй гээд сүүлийн 12 жил буюу уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортолж ирснээс хойших эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан юм.
Тухайлбал, энэхүү баялгийн нөлөөлөл импортыг эрс нэмэгдүүлсэн байдаг. Инфляцийг хөөрөгдөж буй нэг гол хүчин зүйл бол импорт. Импорт нь ханшийг хөөргөж байна.Төлбөрийн тэнцлийн алдагдал төгрөгийн ханшийг сулруулж иржээ. Ханшийн нөлөөлөл үндэсний үйлдвэрлэгчдэд дарамт болж, татвар өндөр байна. Импортын хяналт сул учраас татвараа шударга төлдөг нь эргэлзээтэй юм. Тиймээс татварын орлоготой холбоотойгоор татварын реформыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Төсвийн зарлага талд нийтийн сахилга батыг нэмэгдүүлэх, бие даасан ил тод байдлыг буй болгох, хөндлөнгийн мэргэжлийн судалгаатай байх цогц шинэчлэл хэрэгтэй. Үүний тулд төсвийн зарлагын реформ мөн хийх шаардлагатай. Өнөөдөр бүх төрлийн сангуудын хяналт, харилцаа нь төсвийн сахилга батыг ноцтой зөрчиж байгаа. Энэ бүхнийг засч залруулахын тулд эдийн засгийн мөчлөг дагасан бус сөрсөн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү зөвлөл чухал үүрэг хүлээж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хөгжлийн бодлого тогтвортой, урт хугацаанд байхаар заасан. Төсвийн реформ, төсвийн зарлагын реформ, энэ дотор нийтийн санхүүгийн реформ, сангуудын реформуудыг хийхийн тулд судалгаа нотолгоон дээр үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргаж УИХ-ыг шийдвэр гаргахад туслалцаа үзүүлж ажиллах ёстой. Зөвлөл нь Засгийн газраас хараат бус байж Төсвийн байнгын хорооноос хэрэгжүүлж байгаа төсөв, татварын реформд дэмжлэг үзүүлэх, төсвийн бодлогын чиглэлээр бие даасан, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган Улсын Их Хурлын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж ажиллах ёстой. Мөн зөвлөл эдийн засгийн таамаглалын, төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг сар, улирал бүрээр гарган хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэх зэргээр үүрэг, чиглэл өглөө.
Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны гишүүн Д.Сандаг-Очир нар оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.