ГССҮТ: МОНГОЛ УЛСАД АНХ УДАА МӨРНИЙ ҮЕИЙГ БҮТЭН СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ  технологи нэвтрүүллээ.

Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид болон  клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч Ц.Мөнх-Очир, мэдээгүйжүүлгийн эмчээр ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Уранчимэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Б.Тамир, Х.Цэндсүрэн, эм зүйч П.Сэлэнгээ нар багтсан байна.

ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс харахад Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34 хувь буюу 57.626 нь гар сарвуу, дээд мөчний гэмтлийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 3948 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3575 нь мэс засал, эмчилгээ хийлгэжээ.

Гар сарвууны мэс заслын тасагт дээд мөчний хугарал, мултрал, дээд мөчний үе солих мэс засал, мөчдийн судас, мэдрэл, шөрмөсний гэмтлийн мэс засал, тасарсан мөч эргүүлэн залгах, яс зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх бичил мэс заслаас гадна төрөлхийн болон олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн хавдар, үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байна.