Нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоолд тээврийн хэрэгслээ жил, сараар орхиод “мартчихдаг” хүмүүс бий. Нийслэлийн Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн эзнийг олж, зөөж тээвэрлэх ажлыг хийхээр болжээ. Иргэд ч мартагдсан тээврийн хэрэгслээс талбай, зогсоолоо чөлөөлүүлэх санал, санаачилгыг сошиалаар идэвхитэй илэрхийлж байв.
Мөн тус захирамжид орон сууцны хорооллын дундах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар заажээ. Гагцхүү хэрэгжүүлэх явцдаа орон сууцны хороолол руу орох, гарах хөдөлгөөний зохицуулалтыг оновчтой зохион байгуулах нь чухал юм.
ЗАХИРАМЖ:
“2024 оны 01 сарын 15-ны өдөр Дугаар А/40 Улаанбаатар хот
Нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол чөлөөлөх, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зөөж шилжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.5 дахь заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол чөлөөлөх, хөдөлгөөнд оролцогчдод саад учруулж байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зөөж шилжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.
1.1.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, эзэмшигч нь тодорхойгүй байгаа тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, бүртгэлжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоолыг чөлөөлөх арга хэмжээг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав)-т;
1.2.Орон сууц, гэр хорооллын дундах явган хүний зам дээр болон бусдын зорчих хөдөлгөөнд саад болохоор тээврийн хэрэгсэл байрлуулсан зөрчлийг арилгаж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар (О.Ганбат)-т;
1.3.Орон сууцны хороолол доторх замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах зорилгоор нэг чигийн хөдөлгөөнд оруулах, шаардагдах техник хэрэгсэл байрлуулах ажлыг хийж гүйцэтгэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан иргэд олон нийтэд шуурхай мэдээлж, сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Н.Сугар)-т тус тус үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (П.Сайнзориг)-д даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ………. Х.НЯМБААТАР”