Тэрбээр “Парламентад суудалтай намууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ардчилал, хөгжлийн нөхцөл байдалд дүгнэлт хийлээ. Өнгөрөгч оны сар шинийн баярын үеэс эхлэн тодорхой асуудлуудыг ярилцаж, Монгол Улсын үндэсний эрх ашгийн үүднээс шийдлүүдийг гаргаад явж байна. Бидний хамгийн түрүүнд гаргасан шийдэл бол Монгол Улс парламентын засаглалтай байх явдал. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой алхмуудыг хийнэ гэдэг шийдэлд хүрээд ард нь гарч чадсан. Парламентын засаглалтай байхын тулд бид сонгогчдын санал гээгдэхгүй байхад анхаарсан. Ингээд пропорциональ системийг хуульдаа оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй хүмүүсээр Монголын парламент бүрдэх нөхцөлийг хангаж чадлаа. Гадна, дотно гэхгүйгээр тойрч суугаад Монголынхоо асуудлыг ярилцдаг боломж бололцоог парламентад суудалтай улс төрийн гурван нам гаргасан. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэж шийдээд энэ сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх шийдлийг гаргасан.
Нам, эвслийн жагсаалтаар орж ирж байгаа бол эрэгтэй, эмэгтэй төлөөллийг 50 хувь, 50 хувь байлгахаар шийдсэн. Энэ хүрээнд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхэд Монгол бүхэлдээ даргын улс болжээ. Даргын улс гэхээр авлига руу гулсаж орох магадлал өндөр. Авлигын гол суурь улс төрийн намд байна гэж өнгөрөгч оны гуравдугаар сарын 1-нд бид бүхэн бусдыгаа уриад хэлэлцүүлэг хийж байсан.
Ингээд бид улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ-аар баталсан байгаа. Улс төрийн намын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр намаар дамжиж авлигачид төрийн толгойд гардаг зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Цаашид улс төрийн намын санхүүжилт ил тод байх, хяналттай байх юм. Улс төрийн намд цугларсан мөнгө хэрхэн, юунд зарцуулагддаг байх вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Өнөөдрийн Монголын асуудал юу гэхээр цугларсан жаахан мөнгөө талаар нэг тараачихдаг. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд бүгдээрээ сонгуулийн тойргийг томсгох ёстой гэж үзсэн. Бодлогын өрсөлдөөнийг бий болгоё. Парламентын гишүүд сонгогдчихоод нэг баг, сум руу татвар төлөгчийн мөнгө, баялгийг зөөж аваачих биш нийт Монголын хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт зориулагдсан бодлого гаргахаар шийдвэрлэсэн. Энэхүү бодлогоо гаргаж чадсан. Ер нь Монголын улс төрийн зураг ямар байх вэ гэдэг нь маш тодорхой болсон. Иймд хөгжлийн хувилбартаа санал нийлэх боломжит хувилбаруудаа гаргаж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг байдаг. Ярилцах хэрэгтэй. Бид популист улс төрөөс татгалзаж байгаа. Популизм хийж хүмүүсийн амьдралаар тоглодог, доройтуулдаг, эдийн засгаа унагадаг байдлыг таслан зогсоохын төлөө тал, талдаа хичээж байгаа.
Энэхүү хичээл зүтгэлийг гаргаж чадаж байгаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Өнөөдөр гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн асуудал яригдаж байна.
Хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах бол компанийн хуулиар бол гарцаагүй өгөх асуудал. Харамсалтай энэ компанийг ашигтай ажиллуулж чадахгүй өнөөдрийг хүргэж байгаа нь Монгол Улс баялгийн төлөө уралдсан, баялгаас хүртэх гэсэн тэмцэл өрнөсөн, улс төрийн нөлөө нь баялгийн дээрэм тулаанд аваачжээ.
Ингээд нэгдсэн дүнгээрээ Монгол Улс баялгийн хараалд өртсөн. Бид баялгийн хараалаас гарах хэрэгтэй. Гарахдаа хэн нэгэн улстөрч эсвэл хэн нэгэн ухаантай царайлах гэхээс илүү ярилцаж суугаад боломжуудаа эрэлхийлэх юм. Тухайлбал, улс төрийн бүх намуудад байгаа концепци бол Үндэсний баялгийн сантай болох билээ. Энэ сан нь өөрөө улс төрөөс ангид байх хэрэгтэй. Энэ баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт бол монголчуудын буюу иргэдийн гарт очих ёстой юм байна. Хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Олдож байгаа жаахан мөнгөө зөв ашиглаж, ирээдүйдээ хуримтлуулъя. Өнөөдрийн хөгжлийн бодлого руу зарцуулъя. Магадгүй өнөөдрийн амьдарч байгаа хүмүүс хувьцаагаараа дамжуулж, ногдол ашгаа явъя гэсэн концепцид саналаа нэгтгээд, санамжаа зурлаа. Мэдээж хэрэг зөрүүтэй саналууд байна. Гэхдээ нэгдэж байгаа саналууд их байна. Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөл болгоё.
Баялгийг тэгш хуваарилж, монголчуудын өмч байна гэж заасан Үндсэн хуулийн заалтаа амилуулъя гэдэгт санал нэгдлээ. Цаашид хуулийн хүрээнд Ардчилсан намаас өргөн барьсан Тусгаар тогтнол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан хүмүүст, Засгийн газарт энэхүү хуулийн төслийг санаачлаад боловсруулсан хүмүүст баярлалаа” гэв.