“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО” -ЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ТАНИЛЦУУЛЛАА

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031” -г хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулж Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдад танилцуулав.

Тус сургалтыг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж, жендэрийн мэдрэмжтэй, зохистой ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор жендэрийн үзүүлэлтийг байгууллага бүр дотоод дүрэм, журам, хүний нөөцийн бодлогодоо тусгах, ажилтан, ажлын байрны онцлогт тохирсон ялгамжтайгаар тодорхойлох, ажлын байранд ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.

МҮХАҮТ-ын Хэнтий аймаг дахь салбарын Ерөнхий менежер Д.Даваасүрэн нээж хэлсэн үгэндээ аж ахуйн нэгж байгууллагууд “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг ойлгож, хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлоод сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тус бодлогыг 2023 онд Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Увс, Дундговь 5  аймгийн нийт 147 аж ахуй нэгжийн 174 захиргаа, хүний нөөцийн ажилтнуудад танилцуулаад байна.