Н.Сайнзаяа: Гэр бүлийн гурван хүнийг галаас гаргаад өөрөө ухаан алдчихсан

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч Н.Сайнзаяа гал түймрийн аюулаас гурван хүний амь нас аварчээ. Эрдэнэт хүний алтан амийг аварсан түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу.

 

-Амрыг эрье. Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа гэдэг хүн байна.

 

-Та нэг гэр бүлийн 3 гишүүний амь насыг аварч маш том гавъяа байгууллаа. Та тухайн үед юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Тухайн үед юу болсон бэ гэхээр 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын 3 дугаар багийн нутаг Дулаанхан тосгонд “Айл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 4 айлын орон сууц шатаж байсан. Ингээд тэнд байсан хүмүүсээс шатаж байгаа байшинд хүмүүс байгаа талаар мэдээлэл авсан. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан бөгөөд би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж дотогш нэвтэрхэд гэрийн эзэд нь угаартсан байдалтай ухаангүй байсан. Ингээд би эхэлж хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг эхэлж гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Дараа нь цаад өрөөнд байсан 2 ой 5 сартай охиныг мөн авч гарсан.

 

 

аны аварсан гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ?

 

-Одоогоор гэрийн эзэн охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Харин гэрийн эзэгтэй нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэхдээ биеийн байдал нь сайн байгаа гэсэн.

 

үмүүсийг аварсны дараа ухаан алдаж унасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ярьж өгөхгүй юу?

 

-Мэдээж гал дунд өөрийн биеэр орохоор айх сандрах зэрэгцэж байсан. Гэхдээ төрдөө өргөсөн тангарагтай цагдаагийн алба хаагч учраас ямар ч байсан эдгээр хүмүүсийн амь насыг аврах ёстой гэсэн бодол төрдөг юм байна лээ. Ямар ч байсан өөрийн хийх ёстой зүйлээ хийж гүйцэтгээд хүмүүсийг гэрээс нь гаргасны дараа ухаан алдаж унасан байсан. Одоо биеийн байдал маань хэвийн байна. Хэрэв дотор ухаан алдсан бол өөрийн маань амь нас ч эрсдэх аюултай байсан. Гэхдээ би үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэндээ баяртай байна.

 

Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн танд дахин баяр хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

 

-Баярлалаа. Би одоо цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа анх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Эргүүлийн цагдаагаар эхлүүлж байсан. Ингээд 2017 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд орж Дулаанхан сумандаа хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Би эхнэр хоёр хүүхдийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд ажиллаж амьдардаг, Сэлэнгэ аймгийн уугуул хүн байгаа юм.

 

 

Цаг зав гарган ярилцсанд тань баярлалаа. Таны гэр бүлд болон цаашдын ажилд үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ ирж буй шинэ оны мэндийг давхар дэвшүүлж байна.

 

-Баярлалаа та бүгдийн ч гэсэн ажил үйлсэд амжилт хүсье. Мөн шинэ оны мэнд хүргэе.

 

Иргэн н.Мягмаржалбуугийн гэр бүлээс цагдаагийн ахлах дэслэгч Н.Сайнзаяад илэрхийлсэн талархал

 

Ө.Лхагвабаяр