УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар санаачилсан хуулиа эргүүлэн татлаа

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өөрсдийн санаачилсан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслөө татан авч буйгаа дөнгөж сая мэдэгдлээ.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.
Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ. Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцолж байсан нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир ийнхүү өнөөдөр хуулийн төслөө эргүүлэн татлаа.