Гэр бүлийн хүчирхийлэл 10.6 хувиар буурчээ

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харицуулахад 3327 нэгж буюу 10.6% хувь буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, программын шинэчлэл хийсэн нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахад нөлөөлсөн байна.

Энэхүү программын шинэчлэгдсэн хувилбарын давуу тал нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэлд ажиллаж байгаа алба хаагч холбогдогч, хохирогчийн мэдээллийг нэгдсэн сангаас регистрийн дугаараар хайлт хийж, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, хадгалах боломжтой болжээ.

Мөн холбогдогч, хохирогчийн урьд өмнө өгсөн дуудлага мэдээллийн түүх, удаа дараагийн давтан үйлдлийг нэгдсэн сангаас регистрийн дугаараар авч, гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах, өмнөх гаргасан зөрчлийг нотлох баримтаар ашиглах, шийдвэрлэлтийн үр дүнг ахиулж, хүчирхийлэл үйлдэгч этгээд хариуцлагаас мултрах боломжгүй болсон байна.

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Европын холбоотой хамтран “Жендэрийн тэгш байдал үндэсний чадавхийг бэхжүүлэх нь 2024-2025” төслийн хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдад GBV цахим сангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ашиглах, тайлагнах талаар “Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх” суурь сургалтыг 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллажээ.

Сургалтанд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс, Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын алба, Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн нийт 15 алба хаагч хамрагдан Сургагч багшаар бэлтгэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй “Жендэрийн тэгш байдлын үндэсний чадавхыг бэхжүүлэх нь 2024-2025” төслийн хүрээнд хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, дуудлага, мэдээлэл шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх “Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулан ажиллажээ.

Сургалтад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн буюу нийт-60 алба хаагдыг хамруулж, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулж, гэрчилгээ гардуулжээ.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй “Жендэрийн тэгш байдлын үндэсний чадавхыг бэхжүүлэх нь 2024-2025” төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж буй аж.