А.Ганхуяг нарыг өнөөдөр шүүнэ

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2025.01.20/ товложээ.

НИЙТ 134 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авсан талаар албаныхан мэдээлж байв. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн юм.

Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна. Тухайлбал, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбус төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэж мэдээлсэн.

  • АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
  • Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
  • Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
  • Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг  хүртэл хойшилсон.