Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Энэхүү зөвлөгөөнөөр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаар удирдах ажилтнуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох, байгууллагын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох юм.
Сургалт, зөвлөгөөнд урилгаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд оролцож, ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ням-Очир, дэд дарга О.Ганбат, Л.Мөнхзул болон нийт 220 удирдах албан тушаалтнууд оролцож байна. Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Г.Гэрэл оролцож, “Хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах” сэдвээр илтгэл тавьсан.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Г.Гэрэл “ Манай сэтгэлзүйн салбарынхан тухайн үйл явдлыг илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсдэг. Харин цагдаагийн байгууллага хязгаартай мэдээлэл өгдөг. Энэ нь олон нийтэд цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл нь дутуу байна гэдэг шүүмжлэлтэй ханддаг. Мөн хэвлэл мэдээлэлд хаалттай хандах ёстой гэсэн нийгмийн уур амьсгал цагдаагийн удирдах ажилтны арга барилд байгаад байна. Энэ нь олон зүйлтэй холбоотой байх. Мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбогдуулаад тухай хэргийн мэдээллийг олон нийтэд гаргахгүй байх. Тухайн хэрэг нь гаднын нөлөөгүй шийдвэрлэгдэж, судлагдаж дуусах хүртэл, хэвлэл мэдээллийн байгууллагад хаалттай хандаж байгаа.
Гэхдээ хэрэг яагаад гараад байна вэ. Ямар ёс зүйн асуудал байгаад байна. Ямар сургамж авах ёстой, олон нийт хэрхэн сэрэмжлэх ёстой гэдэг дээр цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагын тусламжийг авах ёстой. Хэвлэл мэдээллийн сүлжээг ашиглах ёстой юм. Цагдаагийн байгууллага өөрсдийнхөө үйл ажиллагааны тайланг өгөхөөс илүүтэй, олон нийтэд зориулсан мэдээ мэдээлэл, анхааруулга сэрэмжлүүлгийг хуулийн хэмжээнд сайн хүргэх ёстой. Мөн нийгэм хэрэгтэй байгаа мэдээллийг түлхүү бэлтгэж хүргэх хэрэгтэй. Энэ байр суурийг илэрхийлж, илтгэл тавилаа” гэдгийг онцолсон юм.
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Т.Сүхболд “Цагдаагийн байгууллага түүхэн цаг хугацаандаа хөгжсөөр өнөөдөр та бид технологийн эрин үед иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онцгой нөхцөлд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын реформыг 2024 оноос эхлүүлэн хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, 2024 онд цагдаа, дотоодын цэргийн стартеги бодлого, хүний нөөц, шинэ инновацыг үйл ажиллагаадаа нэвтрүүлэхээр зорьсон. Үүний үр дүн ч гарлаа. Бид алба хаагчдынхаа ажиллах орчин, нийгмийн баталгааг хангахын төлөө хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Үр дүнд нь 128 айлын орон сууцны төслийг эхлүүлж, 177 алба хаагчдад 50 хувийн хөнгөлөлттэй орон сууцанд хамрагдах, 110 алба хаагчийг ипотекийн зээлд хамруулах, 55 алба хаагчид мөнгөн тусламж олгох ажлууд хийгджээ. Мөн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалд нээлттэй, ил тод, сонгон шалгаруулалтаар очдог тогтолцоог бий болгохын тулд 2023 оны 09 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, удирдах албан тушаалтнаа томилж байна.
Технологийн хурдтай хөгжилтэй мөр зэрэгцэн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахад шинэ инноваци, технологиудыг тасралтгүй нэвтрүүлэх шаардлагатай байна. Сорилтоо дагаад шинэ боломжууд мөн нэмэгдэж байна. Өнөөдөр манай улсад гурван хэрэг тутмын нэг нь цахим орчинд үйлдэгдэж байна. Ил гэмт хэргүүд, хүн худалдаалах, үндэстэн дамнасан хэргүүд ч мөн цахим хэлбэрт шилжиж байгаа нь бидэнд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Иймд бид тусгайлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр олон улсын хууль сайхиулах байгууллагуудтай нягт, уялдаатай ажиллана.
Цагдаа нь иргэнээ хамгаалдаг, иргэн цагдаагийн ажилд хүндэтгэлтэй ханддаг байхын төлөө бид хуульч, мэргэжлийн, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг зорьдог. 2025 онд ихээхэн олон шинэчлэлийн, эхлүүлсэн ажлын үр дүнгүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын хөгжил, удирдах ажилтнуудын манлайллыг дэмжих, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хөгжлийн нэг шат ахиулахын төлөө ажиллана” хэмээн онцоллоо.