Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, “Анхны долоо” санг байгуулав

Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр /2025.02.02/ тохиож байна. Төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут Жанжин Дамдины Сүхбаатарын хийж бүтээсэн, туулсан замнал, түүхэн гавьяаг нь үеийн үед мартах учиргүйг сануулан Жанжны мэндэлсэн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.


Мөн энэ өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дэргэд “Анхны долоо” хэмээх санг байгуулжээ.
Энэхүү арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болсон бөгөөд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нарын удирдлагууд нь оролцов.
Сангийн нээлтэд оролцсон Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид түүхэндээ үргэлж хүндэтгэлтэй хандах болно. Монгол Ардын Нам анхны долоогийнхоо түүхтэй хамт байна. Түүхэндээ хүндэтгэлтэй хандсан улс бүхэн илүү удаан хугацаанд оршин тогтнодог” гэжээ.
Мөн Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар анхны долоогийн түүхэн гавьяаг хүндэтгэж, энэхүү санг байгуулж буйгаа онцолсон байна.


“Анхны долоо” нэртэй сан нь тусгаар тогтнолын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучууд руу чиглэсэн зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулах аж. Тодруулбал, эхний ээлжинд 100 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгохоор зарлажээ. Тэднээс 20 хүүхдийг гадаадад, 80 хүүхдийг дотоодод сургахаар зорьж байгаа аж.
Түүхэнд 1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын намтар, замнал, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зориулсан үйл хэргийн тухай тэмдэглэсэн байдаг билээ.