УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурал түр завсарлаж, 09.00 цагт эхлэх бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын эцсийн үгийг сонсоно.
Хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг /2024.09.25/ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг.