Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкийн 2000 тун вакцин ирнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Э.Анхбаяр менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ халдварт өвчний дэгдэлт таван жилийн үечлэлтэй гарч байна. Вакцин сэргийлэлт эхэлсэн 1995 оноос хойшхи менингококк халдварт өвчний тохиолдлын тоо эрс буурсан. Бидний тооцоолж байгаагаар энэ онд 15 орчим тохиолдол бүртгэгдэх болов уу. Эрүүл мэндийн яамнаас менингококк халдварын эсрэг вакцины захиалга хийсэн. Эрүүл мэндийн сайд 2000 тун вакцины худалдан авалт хийх шийдвэр гаргаад байна. Эдгээр вакциныг эхний ээлжид халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудад болон эрсдэлт бүлгийнхэнд хийхэд хангалттай гэж үзэж байгаа.

Ирэх долоо хоногт 2000 тун вакцин ирнэ. Тэгэхээр вакцинд эрсдэлт бүлгийнхнийг ирэх долоо хоногоос хамруулна. Өнөөдөр вакциныг дахин нэмж захиалах, эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, химийн эмчилгээ зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулна” гэв.