Модон могой жилийн сар шинийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Битүүний өдрийн Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаан хоёрдугаар сарын 26-ны Лхагва гарагийн 11:00 цагаас эхэлнэ.

Уг барилдаанд хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийг Битүүний өдрийн бөхийн барилдаанд бүртгэх юм байна.

Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны 1-2-ын даваа 02.27-ны пүрэв гарагийн 13:00 цагт эхэлж, 3-8-ын даваа 02.28-ны баасан гарагийн 13:00 цагаас үргэлжилнэ.

Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэнэ гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэв.

Тасалбарыг хоёрдугаар сарын 25-ны 10:00 цагаас цахимаар борлуулж эхэлнэ.