Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн мэдээлэл өглөө. НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 15 өрхийн 42 иргэн хандсан. Нэг том хүн эмнэлэгт хэвтэж, гурван хүн эмнэлгээс гарсан.
2019 оны аравдугаар сарын 17-ны өглөөний зургаан цагийн байдлаар эмнэлэгт таван том, хоёр хүүхэд нийт долоон том хүн хэвтэн эмчлүүлж байна. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт нэг өрхийн гурван иргэн, Хан-Уул дүүрэгт хоёр өрх, Сонгинохайрхан дүүрэгт найм, Чингэлтэй дүүрэгт нэг аж ахуйн нэгжийн байранд, Сүхбаатар дүүрэгт нэг өрхийн нийт 15 өрхийн 42 иргэн эмнэлэгт хандсан байна.
2019 оны аравдугаар сарын 2-ноос 17-ны хүртэлх өдрүүдэд угаарын хийн хордлогоор 180 удаагийн дуудлагаар 482 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс 165 хүүхэд, 237 насанд хүрэгчид байна.
Сайжруулсан шахмал түлшний сэрэмжлүүлэг, зөвлөмжийг төвийн зургаан дүүргийн 95.9 хувьд хүргэж ажилласан. Айл өрхийн галлагааны зуухны судалгааг гаргасан. Гэр хороололд төвийн зургаан дүүрэгт 62.924 өрх гэрт, байшинд 81252 өрх амьдардаг. Ямар зуух хэрэглэж байна вэ гэдгийг гаргасан. Төслийн зуухыг 46 мянган өрх, ердийн зуухыг 41 мянга, ханан пийшинг 44 мянган өрх, нам даралтын зуухыг 15 мянган өрх ашиглаж байна. Энэ судалгаанд үндэслэж, зөвлөмж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна” гэлээ.