УКРАИНЫ СЭРГЭЭН БОСГОЛТОД ЗОРИУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГЭРЭЭНД АНУ, УКРАИНЫ САЙД НАР ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Украины Эдийн засгийн хөгжил, Худалдааны асуудал эрхэлсэн Тэргүүн шадар сайд Юлия Анатольевна Свириденко нар Украины ашигт малтмалыг ашиглах тухай гэрээнд Вашингтон хотноо гарын үсэг зурлаа.
АНУ-ын Сангийн сайд талууд гэрээнд гарын үсэг зурсан нь Украины энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хоёр тал тууштай байгааг харуулж байгаа үйлдэл гэж мэдэгдсэн бол Украины Тэргүүн шадар сайд хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан ч бүх байгалийн нөөц Киевийн өмч хэвээр байх болно гэж мэдэгджээ.
Украины ашигт малтмалын нөөцийг олборлолт хийж, баялаг болгоход АНУ-аас хөрөнгө оруулалт татах, мөн цаашид АНУ-аас цэргийн тусламж авах бодит боломж энэ гэрээгээр бүрдэж байгааг Украины тал мэдээлжээ.
АНУ-аас өмнө нь Украинд олгосон тусламж, зээлүүд энэ гэрээнд хамаарахгүй гэдгийг Украины Ерөнхий сайд онцолжээ.
Украины ашигт малтмалын шинэ хэлэлцээгээр хүрч чадсан нэг чухал зүйл бол Украины сэргээн босголтод зориулсан Хөрөнгө оруулалтыг санг байгуулахаар болсон байна. Хоёр улс тус санг 50/50 хувийн харьцаатай эзэмшиж, хоёр улсын хөрөнгө оруулалт мөн тэнцүү хувьтай байх бөгөөд тус санг хамтран удирдах юм байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/live/c20zj5l4jpdt