Монгол иргэн ОХУ-ын хилээр их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхээр завджээ

ОХУ-ын хилээр хууль бус бэлэн мөнгө нэвтрүүлэхийг завдсан монгол иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Оросын Красноярскийн гаалийн газрын мэдээлснээр, 54 настай монгол эрэгтэй Хандгайтын шалган нэвтрүүлэх боомтоор хил давах үеэр мэдэгдэхүйц сандарсан байдалтай байсан бөгөөд аман байцаалтаар “эд зүйлгүй, мөнгөгүй” хэмээн мэдүүлсэн байна. Гэвч гаалийн байцаагчид хувийн үзлэг хийхэд түүний хувцасны ар хэсгээс бэлэн мөнгөтэй хар цүнх илэрчээ.

Уг цүнхэнд байсан мөнгийг шалгаж үзэхэд нийт 6.2 сая рублийг ОХУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нь тогтоогдсон байна. Энэ зөрчлийг ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Холбооны аюулгүй байдлын алба болон гаалийн албаныхан хамтран илрүүлжээ.

Ийм төрлийн зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах бөгөөд хуулийн дагуу холбогдох этгээдэд бэлэн мөнгөний хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль, эсвэл дөрвөн жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох боломжтой юм. Одоогоор шүүхийн шийдвэр гарах хүртэл бэлэн мөнгийг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд гадагш зорчиж буй иргэд хууль, журам зөрчихөөс зайлсхийж, хилээр гаргах эд зүйлээ нягталж байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.