Өмнөд Африкийн БНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса АНУ-д айлчилж, өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан Ордонд хэлэлцээ хийлээ. Энэ уулзалтын үеэр Трамп Өмнөд Африкийн БНУ-д цагаан арьстай иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай мэдээлэл, зургийг Трамп Сирил Рамафосад үзүүлсэн. Харин Сирил Рамафоса үүнийг эрс няцаасантай холбоотой хоёр тал маргалдсан байна.
Түүхийг эргэн санавал 1650 иад онд анхны цагаан арьстанууд Өмнөд Африкт ирж суурьшсан байдаг. Тухайлбал Голландын газар тариалангийн салбарт ажилладаг хүчнийхэн голчлон ирсэн. Тэдэнтэй хамт мэдээж далайчид, цэргүүд, эмч, сувилагчид болон гар урчууд ирсэн үндсэндээ Европын колончлон энэ цаг үеэс эхэлсэн. Үүний дараа Британичууд ирсэн. Цагаан арьстанууд Өмнөд Африкийн өнөөдрийн хөгжлийг бий болгосон гэдэгт хэн ч маргахгүй. Ингэснээр Өмнөд Африкийн БНУ Африк тивийн хамгийн хүчирхэг улс болж чадсан. Гэтэл сүүлийн жилүүдэд цагаан арьстануудын эсрэг үзэл тус улсад маш хүчтэй явагдах болсон.
Энэ байдалд Доналд Трамп илтэд дургүйцлээ илэрхийлж, Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Өмнөд Африкийн БНУ-ын эсрэг хатуу үг чулуудаж эхэлсэн.
Трамп Өмнөд Африкийн БНУ цагаан арьстнуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэж байна гэж үзэн АНУ-д орогнол олгох хөтөлбөрийг эхлүүлсэн. Үүний үр дүнд маш олон цагаан арьст хүмүүс АНУ-д ирээд байгаа.
Тэрээр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийхөө дараахан өнгөрөгч хоёрдугаар сард Өмнөд Африкт үзүүлэх АНУ-ын бүх тусламжийг зогсоосон.
АНУ-ын тусламж зогссоноор тус улс Хүний Дархлал Хомсдолын Вирус буюу ДОХ-ын эмчилгээнд шаардлагатай эрүүл мэндийн чухал хөтөлбөрүүдийн санхүүжилт гээд гадны томоохон дэмжлэг нь эрс багасаж нийтдээ ойролцоогоор 440 сая ам.долларын тусламжгүй болоход хүрсэн.
Ингээд Трампын засаг захиргааны бодлогыг Өмнөд Африкийн БНУ-аас Вашингтонд суугаа элчин сайд шүүмжилсэн. Үүний хариуд түүнийг 2025 оны 3-р сард АНУ эх орноосоо гарахыг шаардсан. Трамп Өмнөд Африкийн бараа бүтээгдэхүүнд импортын татварыг нэмэгдүүлсэн.
Ингээд хоёр талын хоорондын дипломат харилцааны маргаан улам хурцадаж эхэлсэн. Тийм учраас Өмнөд Африкийн ерөнхийлөгч харилцааны маргааны зөөлрүүлэх, шийдэх зорилготой Вашингтоныг зорьсон байна.