Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна..
Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууц байдалд, хаалттай хэлэлцэж байгаа юм. Учир нь түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэмээн үзэж буй юм. Шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцож байна.
Хэргийг эргэн сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.