Амьдралын эхний таван жил бол хүүхдийн хөгжлийн хамгийн үнэ цэнтэй үе. Энэ хугацаанд тархи эрчимтэй уян хатан хөгжиж, хэл яриа, сэтгэлгээ, нийгмийн харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадварын үндэс тавигддаг. Тиймээс энэ үеийг мэргэжилтнүүд “хөгжлийн алтан үе” гэж нэрлэдэг.
Гэвч аутизмын шинж тэмдэг ихэвчлэн 1.5–3 насанд тод илэрдэг бөгөөд олон эцэг эх үүнийг хүлээн зөвшөөрөхөд тодорхой хугацаа алддаг. “Хүүхэд том болоод зүгээр болно”, “хэл удаан хөгжиж байна” гэх итгэл найдвар, эсвэл мэдээлэл дутмаг, үйлчилгээний хүртээмжийн бэрхшээлээс болж оношлуулах үйл явц хойшлогдоно. Энэ хугацаанд хүүхдийн хөгжлийн хамгийн чухал мөчлөг өнгөрч байдаг нь хамгийн том гарз юм.
Эцэг эхийн сэтгэл зүйн таван үе шат
Аутизмтай хүүхдийн онош сонссон мөчөөс эхлэн эцэг эхийн амьдрал эрс өөрчлөгддөг. Сэтгэл зүйн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Элизабет Кюблер-Росс ба Давид Кесслер нарын тодорхойлсон гашуудлын таван үе шат нь энэ нөхцөл байдалд ч мөн ажиглагддаг. Энэ нь байгалийн жамтай, хүний сэтгэл өөрийгөө хамгаалах, аажмаар бодит байдлыг хүлээн авах процесс юм.
1. Үгүйсгэл (Denial) Эхний үед эцэг эх хүүхдийн онцлогийг “түр зуурын зүйл” гэж үздэг. Хүүхэд ярихгүй байвал “удаан яриатай л байна”, харилцахгүй байвал “ичимхий зан” гэж тайлбарлана. Энэ нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсэн түр зуурын хамгаалалт юм.
2. Уур хилэн (Anger) Үнэнтэй нүүр тулгарахад бухимдал төрнө. “Яагаад бидний хүүхэд?”, “Яагаад миний буруу болов?” гэх асуултууд давамгайлна. Зарим нь өөрийгөө, зарим нь эмнэлэг, нийгмийг буруутгадаг. Энэ үе шатанд гэр бүл дотоод зөрчилдөөнтэй тулгардаг нь ч бий.
3. Гуйлт, найдвар (Bargaining) Эцэг эх хүүхдээ эдгээхийн төлөө бүхий л боломжийг хайдаг. Янз бүрийн эмчилгээ, арга барил туршиж үзэх, бөө удган, уламжлалт болон орчин үеийн аргуудыг зэрэг ашиглах явдал түгээмэл. Энэ бол итгэл найдвараас үүдэлтэй, хүүхдээ “өөрчлөх” гэсэн тэмүүлэлтэй үе.
4. Гуниг, гашуудал (Depression) Хүүхдийн ирээдүйг төсөөлөх бүрт айдас, гуниг төрнө. “Миний хүүхэд бие дааж амьдрах болов уу?”, “Нийгэмд оршин тогтнож чадах болов уу?” гэх бодлуудтай тулгарна. Зарим гэр бүл нийгмээс өөрийгөө тусгаарлаж, ганцаардалд автаж болзошгүй.
5. Хүлээн зөвшөөрөлт (Acceptance) Цаг хугацаа өнгөрөхөд эцэг эх хүүхдийн онцлогийг ойлгож, өөрийнхөөр нь хайрлаж, дэмжих замд шилжинэ. Энэ шатанд эцэг эх бодит байдлыг зөвөөр үнэлж, хүүхдийн хөгжлийн боломжид төвлөрч эхэлдэг. “Миний хүүхэд онцгой, би түүнд өөрийн чадах бүхнээр тусална” гэсэн хандлага төлөвшинө.
Эрдэмтдийн онцолж буй нь: Эдгээр үе шат дараалсан замаар өрнөх ч заримдаа эцэг эх буцаад өмнөх шатандаа очих, эсвэл хэд хэдэн үе зэрэгцэн илрэх нь ч бий. Энэ бүх үйл явц дунджаар 3–5 жил үргэлжилдэг бөгөөд энэ хугацаа хүүхдийн хөгжлийн хамгийн үнэ цэнтэй мөчлөгтэй давхцах эрсдэлтэй.
Хугацаа алдсаны хор уршиг Хүүхдийн хөгжлийн боломж цаг хугацаатай салшгүй холбоотой. Хэрэв аутизмын оношилгоо болон дэмжлэг эрт хийгдэхгүй бол, нас ахих тусам алдагдсан боломж улам томорч, нөхөхөд хэцүү болдог.
0–3 нас: Алтан боломжийн үе Хэл яриа, харилцааны үндэс бүрэлддэг. Тархины уян хатан чанар хамгийн өндөр тул сургалт, эмчилгээнд хамгийн хурдан хариу үзүүлдэг. Энэ үеийн дэмжлэг хэдэн жилээр хэмжигдэх ахиц дэвшил авчирна.
Хэрэв энэ үед онош тавигдаагүй бол дараагийн үе шат бүрт хөгжлийн хоцрогдол давхардана.
4–6 нас: Эрсдэл нэмэгдэх үе
Хүүхэд цэцэрлэгт ороод хамт олонтой харьцуулахад зөрүү тодорно. Хэл яриа, харилцаа бүрдээгүй бол бусад хүүхдээс улам хойш хоцорно. Нийгэмшилд доголдол үүсч, ганцаардлын эхлэл тавигдана.
Энэ үед авсан дэмжлэг үр дүнтэй ч “алтан боломжийн үе”-ийн хурдыг нөхөхгүй.
6–8 нас: Сургуулийн бэрхшээлийн эхлэл
Сургуульд ормогц суралцах чадварын зөрүү илт мэдэгдэнэ. Найз нөхөдтэй болох нь хэцүү болж, өөрийгөө бусдаас ялгаатай гэж мэдрэх эхэлнэ. Эцэг эх, багшийн дэмжлэгийн ачаалал эрс нэмэгдэнэ.
8–12 нас: Өөрийгөө ухамсарлах насны дарамт
Хүүхэд өөрийн ялгаатай байдлыг илүү ухамсарлаж, ганцаардал хүчтэй болно. Гадуурхалт, үе тэнгийн дарамттай тулгарах нь түгээмэл. Сэтгэл зүйн түгшүүр, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах эрсдэл өндөр.
12–18 нас: Өсвөр үеийн хямрал
Өсвөр насанд нийгмийн оролцоо, бие даах чадвар сул байвал ирээдүйн амьдралын суурьт шууд нөлөөлнө. Сэтгэл гутрал, түгшүүр, зан үйлийн зөрчил дагалдана. Сургууль, мэргэжлийн сонголт хийхэд томоохон хүндрэлтэй тулгарна. Эцэг эхийн хараат байдал удаан үргэлжилж, бие даасан амьдралд бэлтгэх боломж хязгаарлагдана.
Эрт оношилгоо бол боломжийн хаалга
“Хүлээе, харая” гэж хугацаа алдах нь хүүхдийн ирээдүйн боломжийг хаахтай ижил. Харин: Шинж тэмдгийг эрт таних, Мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулах, Эрт сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамруулах гэсэн гурван алхам нь хүүхдийн ирээдүйд өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Аутизмтай хүүхдийн эцэг эхэд “хүлээн зөвшөөрөх таван үе шат” зайлшгүй тохиолддог. Энэ бол хүний сэтгэл зүйн хариу үйлдэл. Гэвч үүнд олон жил зарцуулах тусам хүүхдийн хөгжлийн хамгийн үнэ цэнтэй мөчүүд алдагддаг. Тиймээс эцэг эхчүүдийг зөвхөн хүлээн зөвшөөрөхөд нь бус, харин хүүхдээ эрт оношлуулж, хөгжлийн дэмжлэгийг цаг алдалгүй эхлүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэгийн тогтолцоо манай улсад зайлшгүй шаардлагатай байна. Эцэст нь хэлэхэд, аутизм бол эмчилгээ, сургалт, хөгжлийн дэмжлэгээр ахиц гаргах бүрэн боломжтой онцлог. Харин алтан үеийг алдалгүй зөв цагт зөв арга барилаар дэмжсэнээр хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэх боломжтой юм.
Эх сурвалж: SEE.MN ✌️