Л.Мөнхбаатар: Улстөрчид хуулийн байгууллагыг зодооныхоо талбар болгож болохгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар 9-р сарын 30-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа мэдэгдсэн.  Нүүрсний хулгайтай эрч шийдэмгий тэмцэхийн тулд  энэ томилгоог хийж байна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Суудал нь ганхаад буй ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар Ерөнхий сайдын мэдэгдлээс хойш анх удаа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн байна.

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар, ХЗДХЯ болон хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байна. ХЗДХ-ийн сайдаар томилогдоод удаагүй ч бодлогын асуудлуудад төвлөрч ажиллаж байна. Ирэх 10 жилд эрх зүйн ямар шинэтгэл хийх бодлогын баримт бичгийг боловсрууллаа. Хэд хэдэн хуулийн төслийг намрын чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгээд байна.

Г.Занданшатар даргатай УИХ, Засгийн газрын түвшинд олон жил хамтран ажиллаж байна. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж буй мэдээллийг би тэр мэдээнээс үзсэн. Тэр өглөө нь хууль зүйн салбарын төсвийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэнийг би Ерөнхий сайдад би танилцуулахад, “Маш сайн байна” гэж бид хоёр гар бариад салсан юм.

Тэр үед Ерөнхий сайд томилгооны талаар юу ч яриагүй. Миний асуудлыг ярьж байгаа бол надад хэлэх ёстой гэж би бодож байна. Тэр үед Ерөнхий сайд надад ямар нэг мэдээлэл өгөөгүй. Энэ бол хоёр хувь хүний асуудал биш, төрийн харилцаа. Ер нь эр хүн эргээд уулзах нүүртэй, дахин уулзах даваатай амьдрах ёстой гэж би боддог. Хувь хүний хувьд хударгагүй зүйл болчихов уу даа гэж би бодсон.

Энэ талцал хуваагдлын үндэс нь намын даргын өрсөлдөөнөөс болж ужгирсан асуудал юм. Улстөрчид хуулийн байгууллагыг зодооныхоо талбар, индэр болгож болохгүй. Хуулийн байгууллагууд хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Хууль, шударга ёсыг сахиулах үүргээ биелүүлж ажиллах ёстой гэжээ.