Ш.ИТГЭЛТ: СТАНДАРТЫН ДАГУУ БАРИГДСАН НЭГ Ч ПИЙШИН БАЙХГҮЙ ЭЭ

Сүүлийн гурван жилийн хугацаанд айлын 274 пийшин дэлбэрсэн гэх мэдээлэл бий. Ямар учраас пийшин дэлбэрдэг талаар Иргэний болон үйлдвэрлэлийн инженер Ш.Итгэлтэй тодрууллаа.
-Монгол Улсад зуух, пийшингийн стандарт гэж байдаг уу?
-“Соц” нийгмийн үед бүх зуух, яндан нэг стандартаар хийгдэж баригддаг, аймаг, сум бүрт мэргэжлийн хүмүүс байдаг байсан юм. 1961 онд ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч БНМАУ-ын зуух, пийшингийн стандарт батласан. 1990 он хүртэл мөрдөгдөөд алга болсон учраас одоо ямар ч стандартгүй явж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Яагаад зуух, пийшин дэлбэрээд байна вэ?
-Ойлгомжтой шүү. Стандартын бус зуух, пийшин барихаар дэлбэрнэ, угаартана, хөө тортог их гарна. Зуух, пийшин бол онцгой байгууламж гэсэн үнэлэмж олон улсад байдаг. Тухайлбал газар хөдлөлт, дайны бөмбөгдөлтөд пийшин үлддэг бат бөх онцгой байгууламж. Дайны үеийн кино бүрт пийшин харагддаг биз дээ. Тухайлбал ханан пийшин дээр төмөр яндан залгасан бол буруудаад явчихна. Тийм айлаар ороод ч хэрэггүй шүү дээ.

-Монгол Улсад хэдэн төрлийн зуух яндан байдаг юм бэ?
-Нийтдээ 17 төрлийн зуух, пийшин байгаа шүү дээ. Бүгд буруу хийгдсэн. Зөв стандартын зуух пийшинтэй айл бага түлш хэрэглэнэ, осол аваарь багатай гээд олон давуу талууд бий. Төслийн зуухууд хүртэл харьцаа алдагдсан буруу таталттай байна лээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Барилга хот байгуулалтын сайд байхаас нь эхлээд захидал бичсэн. Даанч тоогоогүй дээ.
-Шахмал түлшинд хэр зохицож байна вэ?
-Шахмал түлшинд ямар асуудал байхгүй гэдэг нь тодорхой. Иргэд зуух, пийшингээ стандартын түвшинд хүргэж чадвал түлш хэмнэнэ, дулаан тохитой өвөлжинө шүү дээ. Наад зах л гэхэд нүүрсний утаа, угаар үгүй болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Жилдээ 27-40 орчим зуух яндан дэлбэрдэг, амиа насаа ч алдсан тохиолдол байдаг юм билээ.