Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд “Очирдагинас” ХХК-ийн үйлдвэрлэлийн цогцолборт дахин ажиллалаа.
Тус компани 2022 онд нэг үйлдвэртэй байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, 2025 оны байдлаар нийт гурван үйлдвэр бүхий томоохон үйлдвэрлэлийн төв болгон өргөжжээ.
“Очирдагинас” ХХК нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт дараах байдлаар хамрагдсан байна. Үүнд:
- 2023 онд “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-ийн эргэлтийн хөрөнгөд 3 тэрбум төгрөг
- 2024 онд “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр” болон үйлдвэрийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийн санхүүжилтэд 4.8 тэрбум төгрөг. Ингэснээр нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.
Хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэйгээр компанийн үйлдвэрлэл, хүчин чадал дараах байдлаар өссөн байна. Үүнд:
- Үйлдвэрийн нийт хүчин чадал өмнөхөөс 2 дахин өсөж, өдөрт 45–50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон.
- Бүтээгдэхүүний нэр төрөл 70 гаруйд хүрч, үүнээс 15 нэр төрөл нь импортыг орлох бүтээгдэхүүн болжээ.
- Хөргөлтийн зоорийн багтаамж 2000 тоннд хүрч өргөтгөгдсөн.
- Үйлдвэрийн нийт талбай 3 дахин нэмэгдэж, 9150 м² бүхий орчин үеийн үйлдвэрлэлийн цогцолбор бүрдүүлсэн. Ингэсэнээр дотоодын үйлдвэрлэл ба экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна
“Очирдагинас” ХХК нь дотоодын хүнсний хангамжийг сайжруулах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортын чадавхыг өргөтгөх зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буйг Ерөнхийлөгчийн ажлын баг онцоллоо.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн нь хүнсний үйлдвэрлэлийн төрөлжилт, аюулгүй байдал, тогтвортой хангалтыг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд тус компанийн үйлдвэрүүдийн өргөтгөл, шинэчлэл нь энэхүү зорилтын хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлж байна.



























