Испанийн Хаант Улсын Барселон хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-ийн “Соёлын бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаарх Дэлхийн соёлын сайд нарын бага хурал – МОНДИАКУЛЬТ 2025”-д Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам оролцож, энэ үеэр зохион байгуулагдсан “Соёлын эдийн засаг” сэдэвт салбар хуралдаанд панелистаар оролцлоо.
Тус бага хурал нь 1982 оноос хойш зохион байгуулагдаж буй соёлын салбар дахь ирээдүйн чиг хандлага, бодлогын түвшний хамтын ажиллагааг тодорхойлдог олон улсын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг юм.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх эцсийн хугацаа болох 2030 он улам ойртож буй энэ үед Испанийн Засгийн газрын ивээл дор зохион байгуулагдсан энэхүү бага хурал нь соёлын салбарыг НҮБ-ын дараагийн хөгжлийн стратегид бие даасан зорилт болгон тусгах чиглэлээр улс орнуудын хамтын хүчин чармайлтыг уриалсан ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө.

Бага хурлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам бусад улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хоёр орны соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Үүнд:
- Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Юүн Янсүтэй уулзаж, хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг Солонгос Улсад мэргэшүүлэх чиглэлээр ярилцав. Мөн Солонгосын ард иргэдэд Монголын түүх, соёлыг таниулах зорилгоор “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг тус улсад зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.
- Оросын Холбооны Улсын Соёлын дэд сайд Сергей Першинтэй уулзан Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Оросын Холбооны Улсын Эрмитаж музей хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Эрмитаж музейд хадгалагдаж буй Монголын нутаг дэвсгэрээс олдсон археологийн олдворуудаар хамтарсан каталог хэвлүүлэх боломжийг хэлэлцлээ. Мөн утга зохиолын салбарт хоёр орны хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжтойг онцлов.
- Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Соёлын сайд Аббас Салехтэй хийсэн уулзалтын хүрээнд Ил Хаант Улсын түүх, соёлын хамтарсан судалгааг үргэлжлүүлэх, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Түүнчлэн 2026 онд Монгол, Ираны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр улсын эртний түүх, соёлын хамтын ажиллагааг харуулсан үзэсгэлэн зохион байгуулах талаар санал солилцлоо.


