Усны нөөц буурч, голын ууршилт 70 хувьд хүрсэн учир хаягдал усыг нөөцөлж ашиглах шаардлагатай

Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулган үргэлжилж байна.

Хурлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Хаягдал ус-шийдэл болох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт хаягдал усыг нөөц болгох, дахин ашиглах уриалга дэвшүүлжээ.

Тэрээр “Монгол Улсын усны асуудал эмзэг байна. Усны нөөц урт хугацаанд 7 орчим хувиар буурсан, харин мөсөн голын ууршилт 80 жилийн хугацаанд бараг 70 хувьд хүрлээ. Улмаар хаягдал ус нь бохир ус биш ганд тэсвэртэй байдал, үйлдвэрлэл, хүнсний хангамжийн нөөц эх үүсвэр болохыг онцлов.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч, зохион байгуулагч орны хувиар Монгол Улс тойрог усны асуудлыг Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих санаачилгын хүрээнд хэлэлцэх бөгөөд хөтөлбөрийн цөмд тусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа  гэв.

Үргэлжлүүлэн “Инноваци хөгжүүлэх, чадавхи бэхжүүлэх, нэгдсэн шийдлийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр хаягдал усыг хуурай гандуу, эмзэг бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанарыг бэхжүүлэх, тэсвэртэй байдлыг сайжруулах, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч, нөөц боломж болгох боломжтой.

Бохир ус бол хаягдал биш харин боломж дүүрэн нөөц юм. Монгол Улс эдгээр боломжийг дэлхий даяар өргөжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бэлэн” хэмээн уриалжээ.

Эх сурвалж: БОУАӨЯ