Зөвлөлт Холбоот Улс болон ОХУ-ын театр, кино урлагийн нэрт төлөөлөгч, Ардын жүжигчин Вера Валентиновна Алентова 83 насандаа таалал төгссөн тухай Москва хотын Пушкины театраас мэдээллээ.
Вера Алентова нь 1942 оны 2 дугаар сарын 21-нд ОХУ-ын Архангельск мужийн Котлас хотод төрсөн бөгөөд Москвагийн Урлагийн Театрын дээд сургуулийг төгссөн юм. Тэрээр кино, театрын урлагт олон арван жилийн турш идэвхтэй уран бүтээл туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.
Түүнийг дэлхий дахинд алдаршуулсан бүтээл бол 1980 онд бүтээгдсэн, Оскарын “Шилдэг гадаад хэл дээрх кино” шагнал хүртсэн “Москва нулимсанд итгэдэггүй” уран сайхны киноны гол дүр юм. Уг бүтээлд бүтээсэн Катерина Тихомировагийн дүр нь түүний уран чадвар, эмэгтэй хүний тэсвэр хатуужил, хүчирхэг зан чанарыг тод томруун харуулсан хэмээн үнэлэгддэг.
Вера Алентова нь мөн “Время желаний”, “Завтра была война”, “Ширли-Мырли”, “Зависть богов” зэрэг олон кинонд амжилттай тоглож, театрын тайзнаа ч олон арван дүр бүтээжээ. Түүний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын Ардын жүжигчин цол болон төрийн дээд шагналуудыг хүртээсэн байдаг.