16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох гэм буруугийн шүүх хурал болж байна

Олныг цочроосон гэмт хэрэг гараад хоёр жил өнгөрч байна. Хэрэг үйлдсэн, хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр (2026.01.22) Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гэм буруугийн шүүх хуралдааныг хаалттай явуулах аж.

Прокурорын байгууллагаас:

  • Яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
  • Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар,
  • Өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд буй юм.

Эргэн сануулахад, цагдаагийн байгууллагад  2024 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 05:00 цагийн орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Улмаар эл хэргийг үйлдсэн байж болзошгүй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай, 20 настай Ц.Д-ийг саатуулан шалгасан. Шалгалтын явцад Ц.Д өмнө нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай З-ийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл тогтоогджээ. Иймд цагдаагийн байгууллагаас Ц.Д-г хоёр хүний амь нас хохироосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан.

Мөн Э.Н, Э.Г нарыг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.