ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр Красноярск хотод эхэллээ. 31 дэх удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд зодоглосон 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг-д барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Шоовдор нар финалд шалгарлаа.
Өнөөдөр манай бөхчүүд алтан медалийн төлөө барилдана. Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг оноогоор цэвэр ялсан юм. Түүнээс гадна, эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар өнөөдөр дагаж барилдана.