Долоо хоногийн өрнийн зурхай 2026.III.23-29

Шинэ долоо хоногийн /2026.III.23-29/ өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Хонины ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө сорьж, мөрөөдлөө биелүүлэхэд тань ямар чадвар, ямар зан чанар хэрэгтэйг ойлгож авах долоо хоног. Амжилтад хүрье гэвэл өөрийнхөө илүү чадварлаг хувилбарыг бүтээ. Хүн хоорондын харилцаанаас их зүйл сурч авна. Зарим сэдвийн талаар өмнө нь ярилцахаас зайлсхийж байсан бол эвлэрэх, буулт хийхэд тохиромжтой үе тохиож байна. Ах дүү, хамаатан садантайгаа холбоотой шинэ мэдээ сонсож магадгүй. Долоо хоногийн дунд үеийг аль болох гэртээ өнгөрөөж, эрч хүчээ сэлбэн, тэнцвэрээ олоорой. Энэ үеэр хэт их үүрэг хариуцлагаас болж дарамт мэдэрч магадгүй. Хайртай хүнийхээ төлөө тэмцэх шаардлага гарч магадгүй.

Үхэр 

Од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл хөдлөл туйлын хурц байх бололтой. Тиймээс хэлэх үгэндээ хянамгай байгаарай. Дотроо хадгалж явсан сайн, муу, таагүй бүх мэдрэмжээ ил гаргамаар санагдах вий. Таны хурц зан байдалд бусад хүн мөн адил хариу үйлдэл үзүүлэх магадлалтай тул эелдэг, зөөлөн байх хэрэгтэй. Санхүүгийн дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Өөрийн хязгаарыг илүү сайн мэдэрч, тэнцвэртэй байхыг хичээ. Танд урам зориг өгдөг зүйлсэд цаг гаргаснаар бүтээлч эрчим тань огцом нэмэгдэнэ. Энэ үеийг ашиглаад ажлын чиглэлээ тодорхой болгож, төлөвлөгөөгөө гарга. Зарим өсөлт чимээгүйхэн явагддаг гэдгийг санаад юм бүхэнд адгаж байдгаа болиорой.

Ихэр 

Стресс бухимдал дээд цэгтээ хүрч, бусадтай зөрчилдөх магадлалтай долоо хоног. Та эгогоо хянаж чадвал асуудал амархан шийдэгдэнэ. Хожим харамсахгүйн тулд хэлэх үгээ бодож, аливааг нухацтай эргэцүүлэн бод. Та олон шинэ хүнтэй танилцаж, юмсыг өөр өнцгөөс харж эхэлнэ. Ажил мэргэжлийн хувиар чухам юу хийж бүтээмээр байгаагаа ойлгоно. Та өөрөө өөөрийгөө ойлгоод эхэлсэн цагт замд таарах саад бэрхшээлүүд арилж, шаргуу ажиллах урам зориг ч нэмэгдэнэ. Яарахаас илүү тэвчээртэй байх нь амжилтын түлхүүр болно. Хамтын ажиллагаа гэдэг үгийг энэ долоо хоногийнхоо шидэт тарни гэж бод. Сониуч зан, тууштай байдал хоёр нийлснээр гайхалтай үр дүн авчирна.

Мэлхий 

Юуг л бол юуг хийж бүтээж чадах мэт эрч хүч долгилсон долоо хоног. Таны өмнө гарч ирэх боломж нэг бүрийг алдалгүй судалж үзээрэй. Од эрхсийн нөлөөгөөр та яг л тайзны од мэт гялалзана. Та өөрийн үнэ цэнийг мэдэрч, өөртөө итгэлтэй болно. Ажил дээрээ удирдлагууддаа дуу хоолойгоо илэрхийлэх боломж гарна. Хайр дурлалын харилцаа ч ялгаагүй аз, одтой байх бололтой. Ганц бие хүмүүс хайр дурлалын шинэ түүх эхлүүлэх магадлалтай. Амралтын өдрүүдийг найз нөхөдтэйгөө хөгжилтэй өнгөрүүлэхэд тохиромжтой. Таны шударга, зарчимч байдал заримдаа тав тухгүй байдал үүсгэдэг. Гэхдээ энэ удаад бусдын итгэлийг даах түлхүүр болно. Таны санхүүгийн байдал сэтгэл хөдлөлтэй тань нягт холбоотой байна.

Арслан 

Мэдлэг бол хүч гэдгийг ойлгож ухаарах долоо хоног. Та хөмөрсөн тогоон доор харанхуй үлдэхийг хүсэхгүй байна. Тийм ч учраас шинэ зүйл сурч, мэдлэг оюунаа тэлнэ. Урьд өмнө мэдэрч байгаагүй зүйл таны ухамсрын түвшинд хүрч нөлөөлнө. Үндсэндээ энэ долоо хоногт та мөрөөдөлтэйгөө илүү гүн холбогдоно. Бодож, төсөөлж байсан бүх санаагаа эргэн харж, ажил хэрэг болгон боловсруулах хүсэл төрнө. Шинэ санаануудаа чөлөөтэй бичиж тэмдэглэвэл тустай. Хайр дурлалын харилцаа тань илүү гүн гүнзгий, нягт болно. Зөөлөн байх нь сул тал биш гэдгийг та ойлгож авна. Санхүүгийн шийдвэр гаргахдаа ухаалаг бөгөөд тооцоотой хандаарай. Сэтгэл хөдлөлөөр мөнгө зарцуулах эрсдэлтэй байна.

Охин 

Үйлдэл хийх гэж яарахын оронд эргэцүүлэн бодох цаг хугацааг өөртөө гаргах долоо хоног. Яаран гаргасан шийдвэрүүд хожим асуудал дагуулж болзошгүй. Ялангуяа хайр дурлал, хамтын ажиллагааны тал дээр тодорхой шийдвэр гаргахаас зайлсхий. Аливаа маргаан, дуулиан шуугианаас хол байж, таны тусламж хэрэгтэй байгаа хүмүүст гар сунгахыг хичээ. Үүний зэрэгцээ өөрийнхөө хэрэгцээг ч орхигдуулж болохгүй. Амралтын өдрүүдэд өөртөө төвлөрч, цаг гарга. Та өөрийгөө хэт шүүмжилдэг хүн юм. Үүнийгээ багасгаж чадвал дотоод хамгаалалт тань бэхжинэ. Санхүүгийн том шийдвэр, хөрөнгө оруулалтаас түр азнах нь зөв. Төлөвлөгөөгөө ахин дахин нягтал. Стресс, ядаргаа хуримтлагдах эрсдэлтэй тул зөв амар.

Жинлүүр 

Тайван байдал алдагдаж, тэвчээрийг тань сорих долоо хоног. Гэхдээ түргэн уурлаж, яаран хариу үйлдэл хийх хэрэггүй. Хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр азнаж, хэлэх үгээ цэгнээрэй. Өөрт байгаа эрч хүчээ шинэ ажил эхлүүлэхэд ашигла, харин хэрэггүй маргаанаас зайлсхийх нь зөв. Шинэ зүйл сурч, мэдлэгээ бэхжүүлэхэд тохиромжтой. Хайр дурлалын харилцаа танаас тодорхой байдлыг шаардана. Найдвартай, үнэнч шударга байдал дээр аливаа харилцаа тогтоно. Нийтлэг зорилгын төлөө бусадтай хамтран ажиллах үед хэн хэндээ харилцан ашигтай байх зарчмыг баримтлаарай. Энэ үед таны ур чадвар онцгойлон хэрэг болно. Аливаа зөрчилдөөн дунд ч авах зүйл бий гэдгийг санаарай.

Хилэнц

Харилцаа болон санхүүтай холбоотой үл ойлголцлуудаа нээлттэй ярилцаж, шийдэж чадна. Мэдрэмжээ эерэг байдлаар илэрхийлэхийг хичээ. Мөн бусдын хэлэх үгийг анхааралтай сонсохыг танд зөвлөе. Таны эрч хүч нэмэгдэж, шинэ санаагаар оюун санаа тань бялхан, адал явдалд дурлана. Аливаа амжилт тогтвортой байдал, давтамжтай үйлдлийн дүнд бий болдог гэдгийг санаад өдөр тутмын дадал зуршилдаа анхаараарай. Түүнчлэн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Ялангуяа дотоод хүүхдээ эмчилж, аргадах шаардлага гарч магадгүй. Аливааг хэт их бодож, дотогшоогоо шаналахаас зайлсхий. Санхүүтэй холбоотой үл ойлголцол гарч магадгүй.

Нум 

Өөрийгөө нэн тэргүүнд тавихад анхаарлаа хандуул. Алдаа дутагдлаа нээлттэй хүлээн зөвшөөрч байж цаашдын хөгжил дэвшлийн эх тавигдана. Өөрчлөлтийг даван туулахад хамгийн чухал нь энэрэнгүй байдал. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж энэ үеийг даван туулаарай. Карьерын илүү том зорилгодоо анхаарал хандуулж эхэлнэ. Бүтээлч бөгөөд тууштай байдал бол амжилтын түлхүүр гэдгийг санаарай. Хайр дурлалын харилцаанд илэн далангүй хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө дор бүр нь нээлттэй илэрхийлбэл итгэлцэл бий болно. Бие, сэтгэлийн эрүүл мэнддээ ялгаагүй анхаарал хандуулаарай. Алхах, бясалгах зэргээр байгальтай ойр байж, дотоод хүүхдээ эмчлээрэй.

Матар 

Таны зүрх сэтгэл юм бүхэнд нээлттэй байна. Дотоод мэдрэмжээ илэрхийлэхэд хамгийн тохиромжтой үе. Хайр дурлал танаас эрсдэл гаргахыг шаардах бөгөөд эхний алхмаа хийхэд хамгийн тохиромжтой үе тохиож байна. Ажил хэргийн харилцаанд ч бүх зүйл ойлголцол дээр суурилж байна. Таны хамтран ажиллах чадвар сайн байхын зэрэгцээ бусдад чиглэл өгч, манлайлах ур чадвар тань гялалзана. Гэр бүлдээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй. Бидний амьдрал тэр чигээрээ хариуцлага дээр тогтдог гэдгийг санаарай. Санхүүгийн өсөлт тань удаан санагдаж магадгүй ч суурь нь бат бөх байна. Ажлын хариуцлага нэмэгдэхийн хэрээр орлого өсөх магадлалтай байна.

Хумх 

Орчлон ертөнц тэр чигээрээ таны төлөө хөдөлж байна. Зорилгодоо хүрэх боломж өмнө тань олон удаа гарч ирнэ. Юм юманд санаа зоволгүйгээр мөрөөдлөө бодит болгох томоохон алхам хийнэ. Аз таны талд байна. Шинэ зүйл сурах боломж гарах бөгөөд урам зориг дүүрэн энэ үйлийг эхлүүлнэ. Таны хувьд гагцхүү цагийн хуваарь, төлөвлөлт зэрэг өдөр тутмын нарийн ширийн зүйлсдээ эрэмбэ дараатай байж сурах хэрэгтэй. Энэ долоо хоногт цагийн менежмент нэн тэргүүний асуудал байна. Хайр дурлалын харилцаа хүчтэй, сонирхолтой байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, яриа өрнүүлэх боломж нээгдэнэ. Хоосон амлалт бус үйлдэл, гүйцэтгэлээрээ бусдын итгэлийг олох хэрэгтэй.

Загас 

Айдас, зөн совингоо ялгаж салгаж чадахгүй төөрөгдөл үүсэх долоо хоног. Ийм ээдрээтэй үед аливаа томоохон шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Гэр бүлийн асуудлаа хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдөлгөм байна. Илэн далангүй яриа харилцааг илүү ойлгомжтой болгоно. Шинэ зүйл эхлүүлэх гэж яарахын оронд одоо байгаа төслүүдээ урагшлуулахад анхаар. Төслийн зарим хэсгийг засах, дахин боловсруулах зэрэг ажил өмнөхөөсөө илүү хурдацтай урагшилна. Найз нөхөд тань урам зоригийг эх үүсвэр болж, амьдралд тань эрч хүч нэмнэ. Ямар ч зүйл хийсэн зарчимдаа үнэнч байх хэрэгтэй. Цаг зав, авьяас, эрч хүчээ юунд зарцуулж байгаагаар таны үнэт зүйл тодорхойлогдоно.