Орос цэргүүд дрон ашиглан Украин дахь дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөжээ

Украины Херсон мужийн захирагч Владимир Сальдо өөрийн Max сувагт Оросын цэргүүд FPV дрон ашиглан Дэлхийн II дайны үеийн Нэр нь үл мэдэгдэх дайчны булшинд цэцэг өргөж буй агшныг дүрсэлсэн бичлэг нийтэлжээ. Тодруулбал, уг бичлэгт Украины армийн хяналтад байгаа Днепр мөрний баруун эрэг дэх Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг хүргэж буй мөчийг бичсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, “Днепр” хүчний бүлэглэлийн 49 дүгээр нэгдсэн армийн цэргүүд агаарын тагнуулын ажиллагааны үеэр уг дурсгалын хөшөөг илрүүлжээ. Тэд ялалтын 81 жилийн ойг тохиолдуулан Херсон мужийг чөлөөлөхөд оролцсон Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхээр шийдсэн аж. Гэвч тус газар тулааны шугамд ойр, аюулгүйгээр очих боломжгүй байсан тул улаан лиш цэцэг болон цэцгэн хэлхээг FPV дронд бэхлэн, дурсгалын хөшөө рүү илгээсэн байна.

Сальдо энэ талаар “Днеприйн хоёр эрэгт амьдарч буй хүмүүс баатруудынхаа дурсгалыг мартдаггүй. Аугаа их Эх орны дайны дурсамж бол бид бүгдийн хувьд ижил үнэ цэнтэй зүйл бөгөөд эх нутгийн минь өнцөг булан бүрт, тэр дундаа баруун эрэгт ч ‘манай хүмүүс’ амьдарсаар байна” хэмээн онцолжээ. Түүний нийтлэл “Херсон, биднийг хүлээж байгаарай!” гэсэн өгүүлбэрээр төгссөн байна.

TASS-ийн нийтэлсэн дүрс бичлэгт оролцсон нэгэн цэрэг “Тагнуулын ажиллагааны үеэр бид Украины талын хяналтад байгаа баруун эрэг дээрх дурсгалын хөшөөг илрүүлсэн. Энд бидний ч, тэдний ч өвөг дээдэс тулалдаж байсан. Харин одоо Украин энэ түүхэн дурсамжийг хүндэтгэхээ больсон учраас Ялалтын баярын хүндэтгэл болгон цэцэг өргөхөөр шийдсэн” хэмээн ярьжээ.

Мөн хяналтын бичлэгт цэргүүд дрон ашиглан цэцгийг дурсгалын хөшөөн дээр амжилттай байрлуулж буй агшин үлдсэн байна. Үүнээс өмнө ОХУ-ын “Төв” хүчний бүлэглэлийн 90 дүгээр гвардын танкийн дивизийн 6 дугаар танкийн хорооны цэргүүд “Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээнд оролцож, T-80BVM болон T-90M Proryv танкуудын хуяг дээр Дэлхийн II дайнд оролцсон өвөг дээдсийнхээ хөргийг байрлуулжээ.

Эх сурвалж: РОССИЙСКАЯ ГАЗЕТА, РАМБЛЕР