Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас шалгаж буй. Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Уг хэрэгт холбогдоод буй Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нь 2026 оны 3 сарын 26-ны өдөр хилээр гарч явсан байна. Өөрөөр хэлбэл, АТГ-т хэрэг үүсэхээс сарын өмнө хилээр гарсан аж. Т.Даваадалайгийн үйлдэлд 2026 оны 4 сарын 30-ны өдөр хэрэг нээжээ.
Гэхдээ Б.Анхтуяаг БНХАУ-д байгааг АТГ-аас олж тогтоон, 2 удаа дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Б.Анхтуяа нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа аж. Эхнэр нь дээрх тендерт шалгарсан компанитай нэгдмэл ашиг сонирхолтой нөхцөл байдал тогтоогдож байгаа тул зайлшгүй шалгах шаардлагатай үүсээд байгаа юм байна.
Сануулахад,
-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа аж. Улмаар Т.Даваадалайг нотлох баримтуудыг устгаж, гэмт хэргээ бүрэн төгсгөх, гэрч хохирогч, хэргийн оролцогч нарт нөлөөлж болзошгүй гэж үзэн, цагдан хорих саналаа АТГ-аас өнгөрсөн даваа гарагт шүүхэд хүргүүлсэн байна.