Өнөөдөр УИХ-ын чуулганаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын Хяналтын хороо өчигдөр /2020.01.29/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан. Түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурорын газраас УИХ-д хүргүүлээд байгаа бөгөөд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг хүсэлтийг дэмжсэн бол өчигдөр хуралдсан Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан юм.
Сонгууль дөхсөн энэ үед элдэв асуудалд холбогдоод буй Н.Номтойбаярыг МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх намын бүлгийн хуралдааны үеэр өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсэээ татгалзан шалгуул гэсэн. Гэвч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр надад гишүүний бүрэн эрхээс татгалзах үндэслэл байхгүй хэмээн тайлбарласан байдаг.
Одоо түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Намаасаа хөөгдсөн түүнийг гишүүд авч үлдэх нь юу л бол. Хэрэв намын шийдвэрийн эсрэг кноп дарвал сонгуульд өрсөлдөх тойрог олдохгүй ч байж мэднэ. Тиймээс гишүүд бүгд дэмжинэ гэсэн бор шувуу төрийн ордоноор нисч эхэллээ.
Мөн түүнийг авч үлдвэл намын нэр хүнд болоод ирэх сонгуульд нөлөөлж магадгүй хэмээн үзэх хүн МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүнээс эхлээд бий.
Ямартаа ч түүний бүрэн эрхийг УИХ-ын 75 гишүүн өнөөдөр шийднэ.