Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 07 дугаар тогтоол албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Тогтоолын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлалын дагуу зөв зохион байгуулж, анхан шатанд үзүүлэх боломжтой тусламж, үйлчилгээг тухайн түвшинд нь шийдвэрлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, хүртээмжийг сайжруулах зорилгоор өвчтөн илгээх зохицуулалтыг шинэчлэн баталсан.
Үүнтэй холбоотойгоор даатгуулагч-иргэн дор дурдсанаас бусад амбулаторийн тусламж, үйлчилгээг эхлээд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагаас авч, шаардлагатай тохиолдолд эмчийн шийдвэрээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас тусламж авах юм.

Жирэмсний хяналтанд орж буй тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/292 тушаалд заасны дагуу анхан шатны эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хяналтын эмчийн заавраар лавлагаа шатны ЭМБ-д хяналтад орох юм.