НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газраас “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлгийг Цэнхэр бүсийн Монгол Улсын павильонд 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Монгол орны нийт газар нутгийн 81,9 хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөж, сүүлийн 10 жилд байгалийн аюулт үзэгдлийн давтамж 3 дахин нэмэгдсэн энэ цаг үед цаг уур болон хөдөө аж ахуйн мониторингийн тогтолцоог шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилан боловсронгуй болгох шаардлага нэн чухал байгааг уг хэлэлцүүлгээр онцоллоо.
Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БОУАӨЯ, Дэлхийн цаг уурын байгууллага (WMO), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Азийн хөгжлийн банк (ADB), эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, ухаалаг хөдөө аж ахуй, элсэн ба шороон шуурганы урьдчилан мэдээлэх тогтолцоо, цахим мониторингийн чиглэлээр санал солилцсон юм.
Оролцогчид цаашид зөвхөн цаг агаарын мэдээ хүргэхээс гадна мал аж ахуй, газар тариалан, иргэдэд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг урьдчилан тодорхойлсон нөлөөлөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Ингэснээр байгалийн капитал, байгаль орчинд суурилсан олон талт санхүүжилтийн механизмыг хөгжүүлэхэд чанартай дата мэдээлэл, түүний ач холбогдол, үнэ цэнийг тодорхойлохуйц бодлогын зорилт чухал байгааг дүгнэж хэлэлцэв.
Арга хэмжээний үеэр олон улсын байгууллагуудаас тодорхой хөрөнгө оруулалт, төслийн саналуудыг танилцууллаа.
Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас хүлэмжийн хийн зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хөдөө аж ахуйн цаг уурын чадавхыг бэхжүүлэхэд 1.9 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ гэдгээ танилцууллаа.
Цаг уур, орчны шинжилгээний газар, Дэлхийн Цаг уурын байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хөдөө аж ахуйн цаг уурын чадавх бэхжүүлэхэд 5 сая ам.долларын төслийн саналыг Дасан зохицох санд хүргүүлэхээр бэлтгэж байна.
Хувийн хэвшлийн зүгээс бэлчээрийн нүүрстөрөгчийн шингээлтийг баталгаажуулж, нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох боломж байгаа ба цаашид чанартай, урт хугацааны дата, мэдээлэл чухал болохыг онцлов.
Хэлэлцүүлгээс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эрсдэлийг бууруулахад шинэ мэдээлэл нэмж цуглуулахын зэрэгцээ бэлэн байгаа өгөгдлийг хиймэл оюун ухаан, зайнаас тандан судалгааны технологитой хослуулан чанаржуулж, шийдвэр гаргалтад ашиглах нь чухал гэдэгт санал нэгдлээ.
