Сүүлийн есөн жилд мансууруулах бодистой холбоотой 2100 гэмт хэрэг бүртгэжээ

Сүүлийн 9 жилийн хугацаанд улсын хэмжээнд 2,100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2,422 иргэнийг яллагдагчаар татан шалгасан байна. Бүртгэгдсэн хэргийн 83.3 хувь нь нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт гарчээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр сүүлийн таван жилд энэ төрлийн хэрэгт 58 хүүхэд холбогдон шалгагдсан бөгөөд нийт холбогдогчдын 91.2 хувь нь 15-35 насныхан байна.

Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг тусгай хуулиар зохицуулдаг. Харин Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргүүдийг тусгайлан зохицуулсан байдаг.

Тухайлбал, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдах зэрэг үйлдэлд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалт хүчин төгөлдөр байна.