“Долоогоос илүү түлш иргэдэд худалдах боломжгүй”

Нийслэлд энэ сарын 15-наас шахмал түлшний борлуулалт эхэлсэн. Тэгвэл энэ жил мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр түлш үйлдвэрлэхгүй. Зөвхөн нийслэлчүүдэд зориулан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Ингэснээр шинэ түүхий эдээр илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар Тавантолгой түлш ХХК-иас мэдэгдсэн байдаг.

Баянзүрх дүүргийн борлуулалтын цэгүүдэд Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн ажиллах үеэр Баянзүрх дүүргийн гэрээт борлуулагчид шахмал түлшний чанар, хүртээмж сайн, жин, хэмжээний асуудалгүй, борлуулалт хэвийн явагдаж буйг хэлж байна. Харин ачаалалтай үед Хотула аппликейшн гацах хүндрэл үүсдэгээс гадна иргэд түлшийг их хэмжээгээр авах хүсэлтэй байдгийг уламжилжээ.

Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжаас шалтгаалан одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгааг хэлэв.