Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд мал хулгайлах нийт 589 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэргийн тоо 259 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Цагдаагийн байгууллагаас холбогдох этгээдүүдийг олж тогтоох ажлыг шуурхай зохион байгуулсны үр дүнд, энэ онд үйлдэгдсэн гэмт хэргийн 51.7 хувийг буюу 300 орчим хэргийг илрүүлэн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шүүх рүү шилжүүлсэн. Ерөнхийдөө намрын цагт малын хулгайн гэмт хэрэг олон үйлдлийн аргаар болон бусад хэлбэрээр өсөх хандлага ажиглагддаг тул цагдаагийн байгууллагаас хулгайтай тэмцэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгаа юм. Мөн мах нийлүүлэлт болон тодорхой бүсүүдээр нэвтэрч буй тээвэрлэлтийн хяналтын хүрээнд иргэд олон нийттэй хамтран ажиллах нөлөөллийн ажлуудыг өрнүүлснээр тодорхой түвшний үр дүнгүүд гарч байна.
Энэ оны байдлаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гурван иргэн үгсэн тохиролцож, 50 удаагийн үйлдлээр 66 тонн бод мал, 330 орчим тонн бог мал хулгайлсан ноцтой үйлдлийг аймгийн цагдаагийн алба болон холбогдох алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн Хөвсгөл аймагт их хэмжээний бог мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилсан. Энэхүү гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэрэг хэмээн хуульчилсан байдаг бөгөөд хуульд зааснаар бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Харин энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал буюу олон тооны малыг хулгайлсан, бүлэглэж үйлдсэн, хулгайн малыг улсын хилээр нэвтрүүлсэн, тээврийн хэрэгсэл ашигласан, эсвэл ноцтой хохирол учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог. Мөн мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үүсгэж үйлдсэн бол наймаас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор заасан бөгөөд үүний улмаас үйлдлийн арга хэлбэрээс хамааран хорих ангийн зүйлчлэл харилцан адилгүй байдаг аж.