Н.Алтанхуяг: “Гэм буруугүй” гэчихээд байхад л гэм буруугийн хурлаа дахиж хий гээд дахин дахин буцааж байгаа нь захиалгатай, эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нэр бүхий хүмүүст холбогдох “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргийг УДШ хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийг дахин анхан шатнаас хэлэлцэхээр болж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Хөгжлийн банкны хэргээс 30-аад хүний хэрэг шийдвэрлэгдээгүй үлдсэн юм билээ. Өмнө дээд шүүх буцаасныг сая нийслэлийн шүүх буцаачхаж байна. Ер нь энэ буцаадаг зүйл чинь 2022 онд хүчингүй болсон. Та нар санаж байгаа бол “Нотолбол ялыг нь өг, нотолж чадахгүй бол цагаатга” гэсэн хоёр замтай л болсон. Буцаана гэдэг гурав дахь зам байхгүй. “Буцаана” гэдэг зүйлийг алга болох хууль санаачилсан гурван гишүүн бий. Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын 2022 онд өргөн мэдүүлсэн тэр хууль батлагдсан. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд 1500 орчим хэргийг буцаасан байна. УИХ хууль баталсан байхад яагаад хэрэг буцаагаад байгаа юм бэ.

Жишээлбэл, надтай холбогдох хэрэг дахин буцаж анхан шатнаасаа шинээр явахаар боллоо. Ер нь яах гэж хэрэг буцаагаад байдаг юм, мөрдөгч  яах гэж байдаг юм. Яагаад буцаагаад байна гэхээр ял өгнө гэсэн агуулга яваад байна. “Гэм буруугүй” гэчихээд байхад л гэм буруугийн хурлаа дахиж хий гээд байна. Хэн нэгнийг яллая гэвэл хэргийг нь буцаадаг зүйл гарчихаад байна. Ингээд дахин дахин буцаагаад байгаа нь намайг болон хамт шалгагдаж буй хүмүүсийг тамлаад байна. Хууль зүйн онолд байдаг юм билээ. Хэргийг сунжруулаад, буцаагаад байгааг захиалгатай бөгөөд хүмүүсийг тамлаж байгаа эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Тэгэхээр эрүү шүүлт л явж байна. Өөр юм байхгүй.

Энэ хэрэг буцаагаад байгаа асуудлаар О.Алтангэрэл тэргүүтэй манай зарим гишүүд олон нийтийн хэлэлцүүлэг, сонсгол байгуулах асуудлыг хөндсөн. Тэнд л сайн ярилцах байх” гэжээ.