ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

Өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлзүйн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар сонгогдсон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэд эх орондоо оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэх хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийг сургаж, бэлтгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яам хооронд 2026 онд шинэчлэн байгуулсан тохиролцооны дагуу эхний ээлжид зүрх шилжүүлэн суулгах мэс засал, бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээний чиглэлээр эмч нарын багийг БНСУ-ын шилдэг эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна.

Эмч нар маань зөвхөн шинэ мэдлэг, ур чадвар эзэмшээд зогсохгүй, олон улсын шилдэг эмнэлгүүдийн эмчилгээний арга барил, багийн зохион байгуулалт, өвчтөний аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний чанарын сайн туршлагаас суралцах юм.

Хамгийн чухал нь эзэмшсэн мэдлэг, ур чадвар, дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг бодитоор сайжруулах явдал. Тиймээс сургалтын дараа сурсан арга технологио өөрийн эмнэлэгт нутагшуулж, хамт олондоо түгээн дэлгэрүүлэх, шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, эмнэлзүйн заавар, протокол болон багийн бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг эмч нартаа захилаа.

Бидний зорилго бол Монгол Улсын иргэн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээгээ эх орондоо, чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн авах боломжийг нэмэгдүүлэх юм.