Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал өчигдөр /2020.02.05/ 17:19 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2019 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэн амьдарч байсан иргэн Ч-ийн угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж 5 настай эмэгтэй Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 сартай эмэгтэй Ц нарын гурван хүүхэд түлэгдэж нас баржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очиж ажилласан байна. Аврагчид очиход халуун ус шалнаас 2.5 см гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдүүдийг эцэг, эх нь хараа хяналтгүйгээр гэрт нь цоожлон үлдээсэн аж. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг шалгалтыг хийж байна.