Монгол улсын тод манлай уяач, “МВ”-ын босс Б.Билэгдэмбэрэл Европ тивийн покерын аварга болжээ.
Түүний хувьд нэлээд нууцлаг амьдралтай гэдгээрээ гайхагддаг. Мань эр Монголын тэргүүн баячуудын дунд адууныхаа тоо толгой, бас үнэ өртгөөрөө толгой цохидог гэдэг.
Б.Билэгдэмбэрэлийн хувьд амьдралынхаа сүүлийн 20 жилийг “шинэ монгол” адуу гаргаж авахаар зориулжээ.
2000 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, улс, бүсийн наадмаас 70 гаруй айраг, түрүү хүртсэн тэрээр моринд гар татдаггүй нэгэн аж.
Б.Билэгдэмбэрэл уяач “Их хурд” уралдаанд аман хүзүүдэж, олноо Буган хээр хэмээн алдаршсан хурдан хүлгийг 17 сая төгрөг дээр хурдан азарга өгч авчээ.
Тэр бүү хэл түүнийг сая доллараар хурдан морь худалдаж авсан гэж ойр тойрныхон нь ярьж байна.
Араб, англи цэвэр цусны адуу цөөнгүй оруулж ирсэн ч тэднээ уралдуулахаас илүүтэй цус сэлбэхэд ашиглана хэмээн ярьж, морь зөөдөг машинаа тааруухан амьдралтай айлаас ч илүү тохилог зассан нь түүний адуундаа тавьдаг халамжийг илэрхийлдэг аж.
Ингэхдээ Чех, Польш, Герман, Орос, Кавказ, АНУ-аас азарга оруулж ирж байсан бөгөөд 1700-гаад оноос эхлэлтэй удмын бичигтэй адуу хүртэл түүнд бий.
Тэрээр хотын төвд байрлах “Итгэлт орших” төвөө худалдаж, бараг бүх мөнгөөрөө адуу худалдаж авсан гэлцдэг.