Хаврын чуулганаар УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх бор шувуу нисч буй. Тэгвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүдээр МАН-ын ЖДҮ-чин гишүүдийг тодруулаад байсан бол өчигдөр Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компанид худалдахад эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарын хүмүүсийг буруутган хэргийг шүүхэд шилжүүллээ.Тэгэхээр түүний нэр ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүний нэр дотор орох магадлалтай байна. УИХ дахь АН-ын гишүүн Д.Эрдэнэбат “та УИХ-д нэр дэвших үү, 100 сая төгрөгөө тушаасан уу гэх асуултад “тушаагаагүй”” хэмээн хариулсан ийм учиртай ч байж болох юм.
Түүний хувьд 2020 он нэлээд барцадтай эхэлсэн. Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргын айлчлалд багтан гадаад улсад явж байхдаа казино тоглож буй бичлэг ил болсон. Энэ талаар тэрээр казино тоглгоогүй сонирхосон хэмээн мэдэгдэл хийж байсан боловч удалгүй казиногийн ширээний ард сууж буй зураг ил болсоноор гишүүний худал хэлсэн ил болж байв.
Тэгвэл одоо түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй бэлтгэн Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцүүлэн давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.