ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол дахин нэгээр нэмэгдэж 34 болж байгаа талаар мэдэгдлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн хоёр лабораторид шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Тусгай үүргийн онгоцоор болон ОХУ-аас орж ирсэн иргэдээс шинжилгээ авах ажиллагаа 24 цагийн турш явагдаж байгаа. Өнөөдөр үдээс хойш зарим шинжилгээний хариу гарсан. Үүний дотор нэг хүний шинжилгээнээс эерэг буюу коронавирусийн халдвар илэрлээ. Уг тохиолдлын хувьд тээврийн жолооч. Энэ сарын 18-нд ОХУ-аас Монголд орж ирсэн. Бид гадаад улсаас ирж байгаа иргэдээ нэг нэгээр тусгаарлаж байсан ч энэ тохиолдол бол гэр бүлээрээ ирсэн учир хамтдаа тусгаарлалтад байсан. Одоогоор энэ хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээ үйлчилгээг эхлүүлээд байна. Эхнэрийн хувьд шинж тэмдэг илрээгүй. Тусгаарлаад ажиглалт, тандалт хийнэ. Уг тохиолдлын хувьд хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аас дамжаад Унгарын Будапешт хот руу явсан хүн байгаа” гэлээ.