Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэнээс коронавирус илэрсэн. Иймээс батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох 24 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу кабинд нь сууж явсан гэр бүлийн хүн нь юм. Ийм учраас бид сануулаад зөвлөгөө өгөөд байгаа юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусын батлагдсан 35 тохиолдол бүртгэгдээд байгаагаас найман хүн эдгэрсэн. 27 хүн эмчилгээ хийлгэж байна. Эдгээр тохиолдлууд бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ маскаа зүүж, гараа угааж, анхаарлаа сулруулахгүй байя. Өөдрөг сайхан сэтгэлээр энэ халдварыг даван туулъя. Хамтаараа амжилт гаргая. Монголчууд бид цөөхүүлээ таран байрлах боломжтой” хэмээлээ.