УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элсэхээр болсон билээ. Тэгвэл энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын УИХ дахь Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Жавхлан нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгууль дөхсөн энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элсэх түүхэн шийдвэр гаргасанд бид баяртай хүлээж авч байгаа юм. 2016 оны сонгуулиар АН 9 гишүүнтэй парламентад орж ирж байсан. Тэгвэл дараагийн сонгуулийн өмнө бид 9 гишүүнтэй, элэг бүтэн боллоо. 9 дэх гишүүн болж орж ирж байгаа УИХ-ын С.Жавхландаа амжилт хүсье” хэмээлээ.
Түүний АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Жавхланд намын үндсэн дүрэм, гишүүний батлах, туг, мөрийн хөтөлбөрийг гардуулж өглөө.
Түүний дараа УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнөөдөр АН-ын 9 дэх гишүүн болж, элсэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд ганцаардаж, дуу хоолойгоо хүргэж чаддаггүй байсан. Өөрийгөө дайчилж, хичээж ажилласан ч дуу хоолой минь хүрсэнгүй. Харин өнөөдөр АН-д элсэж, олуулаа болж байгаад баярлаж байна. Цэнхэр тэнгэр шиг Монгол Улсаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй” хэмээлээ.
Сануулахад: С.Жавхлангийн хувьд өөрийн төрсөн нутаг Увс аймгаас УИХ-д анх удаа сонгогдсон юм. Тэрээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө АН-д элсэх шийдвэр гаргасан хоёр дахь гишүүн боллоо. Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн ардчилсан намд элссэн билээ. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг АН-ын ҮБХ-ны гишүүд ирэх Бямба гарагт хэлэлцэж батална. Улмаар тус намыг сонгосон дээрх хоёр гишүүнд тойрог олдох эсэхийг цаг хугацаа л харуулах үлдлээ.