Олон улсын Гэр бүлийн өдөр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр тохиодог. Энэ жил НҮБ-аас Олон улсын Гэр бүлийн өдрийг угтан зөвлөмж чиглэл өгөхдөө COVID-19 цар тахлын аюулыг анхааруулж, гэр бүлээрээ хамтдаа эрсдэл багатай даван туулахын чухлыг сануулсан. Тодруулбал, цар тахлын түгшүүрт үе дэлхий нийтээрээ хөл хорио тогтоох онц байдлын хэмжээнд хүргэснээр улс орнууд, иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч, ядуурал, ажил орлогогүй болж, нийгмийн хямрал бий болгосноор үр дагавар нь гэр бүлд харилцааны бухимдал, зөрчил, хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, хүүхдийн боловсролын алдагдлын хэлбэрээр илэрч байна. Иймээс эмзэг өртөмтгий гэр бүлийг хамгаалах, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхдийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж, онцгой байдлын үеийн гэр бүлд үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээнүүдийн бэлэн байдлыг хангах, гэр бүлийн хамгааллын арга хэмжээ авах, хүүхдээ хөгжүүлэх, теле хичээлд хамтдаа суралцах, ДЭМБ, ЭМЯ-аас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг бүх нийтээрээ даган мөрдөх, халуун ам бүлээрээ хамтдаа өнгөрөөж байгаа цаг мөч болгоныг эерэг уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан, амьдралынхаа хамгийн дурсгалтай мөч болгохыг нийт гэр бүлүүдэд уриалсан байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн. Энэ жил НҮБ-аас уриалсны дагуу COVID-19 цар тахлын аюулын үед гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн олон ажил хийсээр байна. Тухайлбал, “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан. Түргэвчилсэн үнэлгээнд нийт 109.991 өрх хамрагдаж, нийт өрхийн 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувь буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай гэсэн мэдээ гарсан. Мөн хөл хорионы үеэр хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна гэсэн судалгаа гарсан төдийгүй эдгээр өрхөд 200 мянга гаруй хүүхэд амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэд хэдэн ажлын хэсэг гарч, тавдугаар сарын 1-нээс 8-ны хооронд дээрх айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцсан дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилласан юм. Мөн гэр бүлийн бат бөх харилцааг дэмжих, гэр бүлийн үнэт зүйлсээ ухамсарлах, нийгэмд эерэг уур амьсгал бий болгох зорилгоор олон нөлөөллийн ажил явуулсан.
Түүнчлэн маргааш буюу Олон Улсын гэр бүлийн өдрөөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дүүргийн ГБХЗХХ, Иргэний бүртгэлийн хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран удаан жил хамтдаа амьдарч олон хүүхэд төрүүлж өсгөсөн ч гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй гэр бүлээс гурвыг нь сонгон бүх зардлыг нь гаргаж гэрлэлтийн баталгааг нь гардуулах ёслолыг зохион байгуулах юм. Мөн ТВ-5 телевизтэй хамтран Гэр бүлийн өдөрт зориулсан олон нийт рүү хандсан нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах юм.