Ч.Өнөрбаяр: Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг хуультай болгоно

УИХ-ын 29 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Түвшин, Т.Энхсайхан, Ч.Өнөрбаяр нар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ.

Уулзалтын үеэр нэр дэвшигч Ч.Өнөрбаяр “Ардчилалд ээлтэй олон мянган сонгогчдынхоо итгэлийг дааж,  зүтгэлээр хариулах болно. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу  УИХ Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах  ёстой. Тиймээс ч Монголд тулгамдсан бэрхшээл, нүүрлэсэн зовлонг нь шийдэхийн төлөө Ардчилсан нам ажиллана. Манай улсад хариуцлагын тухай ярих зайлшгүй шаардлага үүсчээ.

Юуны өмнө төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг бие даасан хуультай болох хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтнууд өглөө ажлын цагаасаа эхлээд ямар хуулийн төсөл санаачилж, ямар байнгын хороонд яаж ажиллаж буйг бүртгэдэг хуультай болъё. Хариуцлага дээрээсээ эхэлнэ. Ингэж байж Монгол Улс хариуцлагатай орон болно. Энэ тухай Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тодорхой туссан байгаа. Үүнийг  ажил хэрэг болгохын төлөө, хэрэгжүүлэхийн төлөө би ажиллах болно” гэв.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн сонгуулийн штаб