Т.Энхсайхан: Манай компаний барьсан нэхмэлийн шарын 16 давхар барилгыг Д.Сарангэрэл сайд барьсан гээд тайландаа тусгачихсан байна

УИХ-ын 29-р тойрог, Хан-уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Энхсайханаас хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Та УИХ-д сонгогдвол АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлээс Хан-Уул дүүрэгт хамгийн түрүүн юу хийх вэ?

-Хан-Уул дүүрэг бол үнэндээ хаягдчихсан дүүрэг болсон. Сайхан барилгууд баригдсан. Үүнийг хувийн хэвшлийнхэн л хийсэн. Уг нь Хан-Уул дүүрэг гурван сайдтай дүүрэг. Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн хувьд юу ч хийгээгүй. Тийм болохоор Эрдэнэтэд нэр дэвшихээр явчихлаа.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Энх-амгалан юу ч хийсэнгүй. Дарханы замыг хуулчихсан одоо болтол тавиагүй байна. Тэр замыг хуулснаас хойш 170 гаруй хүн амиа алдсан байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ хүн Хан-уул дүүрэгт юу хийв. Манай Хан-Уул дүүрэгт намайг жаахан хүүхэд байхад Оросуудын барьж өгсөн эмнэлэг одоо яг хэвээрээ байна. Тэр үед манай дүүрэг 90 мянган хүн амтай байсан. Одоо Хан-уул дүүрэг 200 мянга гаруй оршин суугчидтай болсон. 90 мянган хүн амтай байхад 80 гаруй ажилтантай байсан яг л тэр хэвээрээ. Гурван корпустай байсан нэгийг нь нураачихсан одоо хоёр корпустай үйл ажиллагаа явуулж байна. Яармагийн хүүхдийн эмнэлэгт нярайн тасаг байхгүй. Би өөрөө нялх хүүхэдтэй хүн. Яармагийн эмнэлэгт очино маш их ачаалалтай. 75 ортой дээр нь коридорт газраас гудас, дэвсгэрээ тавиад хэвтэж байдаг. Эрүүл мэндийн сайдтай дүүрэг ийм л байна.

Би өөрөө энэ дүүргийн оршин суугч. Д.Сарангэрэл сайдын тараах материалыг харсан чинь манай  Пүжи Холдинг компаний барьсан Нэхмэлийн шарын 16 давхар хоёр барилгыг би хийсэн гээд тайландаа тавьчихсан байна лээ.

-Уулзалтын үеэр иргэдээс хамгийн их хэлж буй санал, хүсэлт юу байна?

-Зөрчлийн тухай хуулиар торгуулиагүй иргэн гэж бараг байхгүй болчихсон юм байна. Энэ хуулиар иргэдээ торгоод, 400 гаруй тэрбум төгрөгөөр төсөв бүрдүүлжээ. Дээрээс нь татвар татаас бол хэрээс хэтэрсэн. Монгол Улсын төр иргэдийнхээ төлөө үйлчлэх ёстой байтал одоо ард түмнээ хуулиар дарамталж мөлждөг болсон байна. Энэ жил төсвийг 2.9 тэрбум төгрөгийн алдагдалтай батласан. Одоо төсөв нь тасарчихсан явж байгаа. Энэ нь ЗГ-ын үрэлгэн байдлыг харуулж байна. Энэ алдагдалтай төсвийн ихэнхийг нь сонгуульд зориулсан гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж байна гэхээр энэ их мөнгөөр стадион, спорт ордон болон төрийн барилга байгууламжуудыг шинэчилж барина гээд тавьчихсан.

Уг нь онцгой дэглэм, хөл хориотой үед энэ төсвөө задлаад тансаг хэрэглээндээ тавьсан мөнгөө ЖДҮ эрхлэгчдээ дэмжих бодлого явуулах хэрэгтэй байна. Монгол Улсын ажиллах хүчний 70 орчим хувийг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тэгвэл өнөөдөр 45 мянган хүний ажлын байр зогссон байна. Энэ хүмүүсийн ард маш олон хүн байна.

Гэтэл өнөөдрийг хүртэл тансаг хэрэглээндээ зарцуулах төсвөө задалж ажлын байраа алдаад байгаа иргэд рүү чиглэсэн ажил хийхгүй байгаад иргэд хамгийн их бухимдаж байна.

Мөн МУ корона вирусыг дотроо алдаагүй нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч болон онцгой байдлын ажилтнуудын ач гавьяа байхгүй юу.

– Та сая төсөв алдагдалтай батлагдсан талаар ярилаа. Та хуульч эдийн засагч хүн.  Монгол Улс 2019 онд саарал жагсаалтад орчихсон. Одоо хар жагсаалтад орох магадлал өндөр байна. Хэрвээ хар жагсаалтад орчихвол манай улсад болон эдийн засагт ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Европийн холбооноос МУ-ыг хар жагсаалтад оруулаад тус холбооны парламентад өргөн барьчихсан байгаа шүү дээ. Тэнд юу гэж оруулсан гэхээр хар жагсаалтад орсон улс орон руу хийгдэх мөнгөн гүйлгээ, бизнест хатуу хориг тавьсан. МУ-д ирдэг хандив тусламжийн 70 гаруй хувийг Европийн холбооноос, үлдсэн гучин хувь нь бусад улсуудаас ирдэг. Тэгэхээр манай улсад ирдэг байсан Европийн холбооны хандив тусламж бүгд зогсоно. Мөн Европийн холбооны улс орнуудын хөрөнгө оруулалт бас зогсоно. Үүний хор уршиг нь ард иргэдийн нуруун дээр ирж бууна.

Дөрвөн жилийн өмнө эхээс төрсөн хүүхэд бүр 10 сая төгрөгийн өрөнд орчихлоо гээд МАН ярьсаар байгаад 65 суудал авсан. Энэ 10 сая төгрөг манай зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд тавигдсан өр байсан. Гэтэл өнөөдөр сүүлийн 4 жилийн хугацаанд бүх хүн 27 сая төгрөгийн өртэй болчихсон байна. Энэ өр тавьсан мөнгө хаачив. Тайлагнах хэрэгтэй.

ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгө та бидний татвараас бүрдсэн мөнгө. Гэтэл тэр мөнгөөр ЖДҮ-ийг дэмжихгүй  УИХ-ын зарим гишүүд хамаарал бүхий компаниараа дамжуулаад хуваагаад авчихсан. УИХ-ын гишүүд нь энэ мөнгийг хувааж хулгайлж иднэ гэдэг чинь гутамшиг байхгүй юу. Энэ бол улс төрчдийн ухамсар дорой байгаагийн илрэл. 60 тэрбумынхан ЖДҮ-чид хүчээ нэгтгэе гээд байгааг ойлгохгүй байна. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихлээ. Иймэрхүү байдалтай цааш явбал бид тусгаар тогтнолоо алдахад хүрнэ шүү.

Эх сурвалж: see.mn