Ирэх өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говийн нутгаар бүгчим халуун байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр маргааш ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Харин ням гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.