Түмэн олонд биш дүүдээ зээл авч өгөхийн төлөө явдаг Б.Саранчимэгийг дахиж сонгох уу? Баянзүрхчүүдээ

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч Б.Саранчимэг УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшин, ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Үүнээс хойш даруй дөрвөн жил өнгөрч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн сонгогчдоороо дүн тавиулах цаг мөч нь ирээд байна. Иймээс Б.Саранчимэг өнгөрсөн дөрвөн жил улс төрчийн хувьд хэрхэн өсөж, бойжив? УИХ-ын гишүүнийхээ хувьд хэрхэн үр бүтээлтэй ажиллав гэдэгт дүн тавьцгаая.
Б.Саранчимэг  2016-2020 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан билээ.
Тэгвэл “давхар дээл”-нийхээ ачааг хир даав? хир зангарагтай дэд дарга байв?
Үндсэндээ маш муу гэж дүгнэхэд болно.
Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, нэгдсэн бодлого шийдвэр гаргаж, учраа олж чадалгүй удсан билээ.Тэр бүү хэл УИХ-д 65 суудалтай байсан атлаа УИХ-ын чуулганы хуралдааны ирц үе үе бүрддэггүй байв. Энэ бүхэн хэдийгээр тухайн гишүүдийн асуудал мэт боловч мөн чанартаа УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагуудын удирдан зохион байгуулах чадвартай холбоотой гэж дүгнэж болно.
Мөн хувь улс төрчийн хувьд ч Б.Саранчимэгт сэтгүүлчид, олон нийттэй харилцах чадварын доголдолтой гэж дүгнэж болох ба үүнийг батлах ганцхан жишээ дурьдья. 2018 оны 11 сарын 19-нд  zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн “Та төрийн сангийн зээлээр суралцаад түүнийгээ төлөөгүй байна лээ” гэсэн асуултанд ” Үгүй, үгүй, Яг гэрээнийхээ дагуу тэрийгээ би яг тусдаа хэвлэлийн мэдээлэл, хэвлэлийн хурлаар хийчихнэ за юу, санаа зоволтгүй. Тийм. Би харин яг хэлнэ ээ гэж байна шдээ, чи битгий тэг л дээ. Би яг хэлнэ ээ гэж байна шдээ. Энийг чинь яг өөрөө хэвлэлийн хурлаараа хийгээд өгчихнө” гэж хариулаад одсон юм.
Түүнээс хойш даруй 2 жил өнгөрсөн ч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төрийн сангийн зээлээр сураад, түүнийгээ төлсөн эсэх талаар мөнөөх яриад байсан хэвлэлийн хурлаа өдийг хүртэл хийгээгүй л байна.
Үүнээсээ ч болсон уу? бүр сүүлдээ сэтгүүлчдийн асуултанд огт хариулалгүй “Би тайван баймаар байна” хэмээдэг болчихсон юм.
Хамгийн гол асуудал.
УИХ-ын гишүүн нь  төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах ёстой.
Тэгвэл Б.Саранчимэгт сонгогчид : “Та нийт иргэн, улсын ашиг сонирхол байтугай Баянзүрх дүүргийнхний эрх ашгийн төлөө ажиллаж чадсан уу? гэдэг асуулт зайлшгүй тавих учиртай.
Учир нь нийтийн боломжийг хулгайлж, ЖДҮ-гийг Хөгжүүлэх Сангийн зээл хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгжүүддээ авч өгсөн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн нэг нь Б.Саранчимэг юм.
Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалд багтаж, 2018 оны наймдугаар сарын 6-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 900 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг.
Монголын өдөр тутмын нэр хүнд бүхий сонинуудын бэлтгэсэн эрэн сурвалжлах материалд бичсэнээр бол: “ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг Төрийн ордонд явж байхад нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тааралдаад “Танай сайдын өгсөн чиний 9911……. дугаар холбогдохгүй байна. Ямар дугаартай байна вэ” гэж асуусан байгаа юм. С.Төгсбилэг 8888…… дугаараа хэлэхэд утсан дээрээ тэмдэглэж аваад “Би сайдтай чинь ярьчихсан. Манай нөхдийн төслийн материал их сайн байх ёстой. Би авах ёстой юмаа авна. Танай сангийнхан санхүүжилтийн дүнг их хасдаг гэсэн шүү. Тэгмээргүй байна шүү” гэжээ.
Тушаал гарсны дараа гэрээ байгуулах үеэр Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандорж ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “…“Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох “Дүнжингарав” худалдааны төвийн зургаан ам метр талбайтай павильонуудыг хэт өндөр үнэлж барьцаанд тавих гээд байна” гэж танилцуулжээ. Уг нь ЖДҮХС-гийн барьцаа хөрөнгө үнэлэх журамд үйлдвэр үйлчилгээний талбайг нэг ам метрийг нь хоёр сая төгрөгөөр үнэлэх учиртай юм байж.
Гэтэл “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн уг павильонуудыг худалдаж авсан гэрээг дээрх үнэ нь хэт өндөр байв. Тиймээс ЖДҮХС-гийн захирал, ажлын хэсгийн дарга хоёр “Сингапурхэльткейр сентр” ХХК-д зохих журмын дагуу шаардлага тавих ёстой гэж тохирчээ. Үүнийхээ дагуу асуудал тавьж, нөгөөх компани нь тэр чигтээ гүрийсээр нэлээд хугацаа өнгөрсөн байна.
Улмаар “Сингапурхэльткейр сентр” ХХК-тай гэрээ байгуулж, санхүүжилт олгох боломжгүй гээд буцаажээ. Ингэсний дараахан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьсан байна. Тэгэхдээ “Барьцаа нь хангагдчихаад байхад танай нөхөд болохгүй байна гээд тээглээд байна гэнэ ээ. Танай ажлын гадаа манай дүү байгаа. Чи манай дүүтэй уулзаад ямар учиртайг нь нэг сонсоодохооч” гэжээ.
Удалгүй Б.Саранчимэг гишүүний дүү гэх эмэгтэй ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг байна. Уулзъя” гээд өрөөнд нь орсон байна. Тэрбээр барьцаа хөрөнгийнхөө гэрээг үзүүлж “Ийм өндөр үнээр авсан павильонууд байгаа юм. Энэ үнээр нь барьцаанд тавимаар байна” гэжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандоржийг өрөөндөө дуудаад ямар учраас шаардлага хангахгүй байгааг нь тайлбарлуулжээ. Түүний дараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэг цүнхнээсээ газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг гаргаж, барьцаандаа нэмэх тухайгаа хэлсэн байна. Гэсэн ч барьцаа хөрөнгө нь хүрээгүй тул учир байдлыг ойлгуулаад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүүг гаргажээ.
Гэтэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү залгаж “Яасан бэ, дахиж барьцаанд тавих хөрөнгө байхгүй шүү дээ. Байгаагаар нь л барьцаанд тавьчихмаар байна” гээд тайлбар сонсолгүйгээр “Чиний эрх хэмжээний асуудал шүү дээ. Сайдтай чинь ярих хэрэггүй гэж бодож байна шүү” гээд утсаа салгажээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү иймэрхүү байдлаар хэд хэдэн удаа утас цохиж ярьсан байна.
Удалгүй сайд Б.Батзориг нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү ярьж “Саранчимэг гишүүний асуудлыг шийдвэрлэ” гэдэг үүрэг өгөв.” гэжээ.
Ийм л паянтай Б.Саранчимэг ард иргэдээс, МАН-ын гишүүд, дэмжигчдээс ч уучлал гуйлгүй УИХ-ын 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлчихээд, “У.Хүрэлсүхийг багаар нь сонгоё” гэдэг уриагаар халхавчилан УИХ-д дахин сонгогдох санаатай явна.
Гэвч түмэн олонд биш дүүдээ зээл авч өгөхийн төлөө явдаг Б.Саранчимэгийг дахиж сонгох эсэхийг Баянзүрх дүүргийн иргэд л шийдэх биз ээ
Эх сурвалж:Sonin.mn